Суурьшлын бүсийг Даланжаргалан суманд төвлөрүүлж барих санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-20 15:49:42

Монгол Улсын цементийн хэрэглээ жилд нэг сая орчим тонн. Цементийн нийт хэрэгцээний 30 гаруй хувийг дангаараа хангах үйлдвэрийг “МАК” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хөх цавын ордыг түшиглэн байгуулж байна.

Орон нутгаас үйлдвэрт ажиллах ажилчдын орон сууц, суурьшлын бүсийн барилга байгууламжийг Даланжаргалан суманд төвлөрүүлж барих саналыг компанийн удирдлагад тавьжээ. Хэрэв энэ саналыг үйлдвэрлэгчид дэмжвэл Даланжаргалан суманд хүн ам төвлөрч, зэх зээл бий болж сум  орон нутаг хөгжих боломжтой болох аж.

Дашрамд дурдахад, тус аймгийн Өргөн сум дахь "Мон полимет" группын "Мон цемент"  үйлдвэр нь мөн л  Монголын цементийн хэрэгцээний 30 гаруй хувийг хангах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн ажилчдын суурьшлын бүсийг сумын төвд бус 800 орчим метрийн зайтай барьсан нь суурьшлын бас нэг бүсийг шинээр нэмж цэцэрлэг, төрийн үйлчилгээний хэрэгцээ гарсан байна.

Тиймээс үйлдвэрийг дагасан суурьшлын бүсийг сумын төвд барих нь хамгийн оновчтой гэж албаны хүмүүс үзэж байгаа юм.

Жилдээ 900 мянган тонн чулуунцар /клинкер/, 1 сая 45 мянган тонн цемент, 100 мянган тонн барилгын болон металлургийн сайн чанарын шатаасан шохой үйлдвэрлэх дээрх төсөл нь Монгол Улсыг импортын хамаарлаас гаргаж, жилд ойролцоогоор 120 сая ам.долларын гадагшаа гарах урсгалыг зогсоох боломжтой.

Тус үйлдвэр нийт 700 гаруй хүнийг ажлын байраар хангаж улс, орон нутгийн төсөвт, жилдээ 40-өөд тэрбум төгрөг төлөх тооцоо байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻