Өрхийн 35.1 хувь нь 500-900 мянган төгрөгийн орлоготой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГҮндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 11 дүгээр сарын үзүүлэлтийг гаргажээ.
Улаанбаатарт 35 нэрийн барааны үнэ нэмэгджээ
Манай улсын хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сараас 0.5 хувь, оны эцсээс 0.4 хувь, өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өсчээ. Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа, ус, бөс бараа, гутлын бүлгийн үнэ, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 11 дүгээр сард өмнөх сараас Хөвсгөл аймагт өөрчлөлтгүй, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорнод аймагт 0.1-2.1 хувиар буурч, Улаанбаатар хот болон бусад 15 аймагт 0.3-1.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дундговь аймагт 1.8 хувиар өсч хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан бол Сэлэнгэ аймагт 2.1 хувиар инфляци буурчээ. Дундговь аймагт 1.8 хувиар инфляци өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин Сэлэнгэ аймагт 2.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.3 хувиар, мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 16.6 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Улаанбаатар хотод 11 дүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 16.7 хувийнх нь үнэ өсч, 24.9 хувийнх нь буурч, 58.4 хувийнх нь үнэ тогтвортой байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 37.6 хувь буюу 35 нэрийн барааны үнэ нэмэгджээ
Ажилгүй 23.5 мянган эмэгтэй байна
Манай улсын ажилгүйдлын түвшин өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 45.3 мянга болсны 23.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад эхний 11 сард ажилгүй 110.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 18.9 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон иргэд:
Харин нэг өрхийн сарын орлого дунджаар авч үзвэл 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 19.3 хувийг, 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 35.1 хувийг эзэлж буй аж. Харин 1 сая 500 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 9.9 хувийг эзэлж байна.
Төсвийн тэнцэл алдагдалтай гарлаа
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2677.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1575.2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 25.6 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний 11 сарын байдлаар 5059.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7736.7 тэрбум төгрөг болсон байна.
Бараа, үйлчилгээний орлого, зарлага, тэнцэл:
Татварын орлого 73.8 тэрбум төгрөгөөр өсчээ
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 73.8 тэрбум төгрөгөөр буюу 1.7 хувиар өсчээ. Ийнхүү татварын орлого нэмэгдэхэд НӨАТ-ын орлого 8.8 хувиар, онцгой албан татварын орлого 9.5 хувиар, нийгмийн даатгалын орлого 13 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин бусад татвар төлбөр хураамжийн орлого 30.1 хувиар буюу 214.8 тэрбумаар буурсан байна.
Б.Заяа