МҮОХ-ны спортын сэтгүүлчдэд 60 жилийн ойн медаль гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хамт олон Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/МССХ/-ны гишүүд, спортын сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.
Түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа МҮОХ хамтран ажилладаг спорт холбоодтой хүндэтгэлийн уулзалт хийж, 60 жилийн ойн медаль гардуулах ёслол энэ өдрүүдэд үргэлжилж ийнхүү өндөрлөж байна. Спортын сэтгүүлчдийн ажил олимп, олимпизм, үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаатай нягт холбоотой. МҮОХ нь Монголын спортын сэтгүүлчдийг дэмжих, тэднийг сургалт, мэдээллээр хангах, Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулдаг тэмцээн, наадам, олимп сурвалжлахад зохих дэмжлэг үзүүлэн ажилладаг.
МССХ-ны дэд ерөнхийлөгч А.Тамир уулзалтын үеэр МҮОХ-ны хамт олонд баяр хүргэж, спортын сэтгүүлчдийн мэдлэг, боловсрол, спортын наадам сурвалжлах боломжийг дэмжин ажилладагт талархал илэрхийлэн, нийт гишүүдийн өмнөөс “Талархал” гардуулсан юм.
Д.Өлзий