Бүх цэргийн наадам, наадмын сорилготой зургаадугаар сар

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-02 09:46:43

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос зургаадугаар сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваариа олон нийтэд албан ёсоор танилцууллаа.


Маргааш болох Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэлийн ёслолд зориулсан өсвөрийн 64 барилдаан болон хөшөөний нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ. 


Тэгвэл энэ сарын 6-нд Бүх цэргийн наадмыг зохион байгуулна. 2025 оны анхны цол олгох наадамд оролцох хүчтэнүүдийг чансаагаар эрэмбэлэн бүртгэхийг МҮБХ-ноос мэдэгдсэн. Мөн энэ сарын 7-нд Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох юм.


Өнгөрсөн сард хоёр ч удаа хойшилсон нийслэлийн аварга баг шалгаруулах 3х3 барилдаан энэ сарын 8, 14-нд болно. Энэ үеэр чансаа өндөр найман бөхөд хүндэтгэл илэрхийлэх аж. Үүнээс гадна энэ сарын 12, 13-нд чөлөөт бөхийн “Арслан” клубийн нэрэмжит “Залгамжлагч” 9-14 насныхны тэмцээн болно.  


Харин бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг наадмын сорилго барилдааныг “Нийслэлийн иргэдийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулна. Уг барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. Түүнчлэн энэ үеэр буриад, БНХАУ-ын Өвөрмонгол 64 бөхийн барилдаан зохион байгуулах аж. Ингэснээр Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 оны улирлын барилдааныг хаах юм. 



相关新闻