“Хад” клуб, “Монголын тэмүүлэл” клубтэй аваргын төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Футзалын эмэгтэйчүүдийн УАШТ”-ий хагас шигшээгийн хоёр тоглолт өнөөдөр боллоо.
Хагас шигшээгийн эхний тоглолт гадаа талбайн лигийн анхдагч болон хоёрдогч аварга “ХАД”, “Арвис” клубуудын хооронд боллоо. Үндэс цагийн эхний минутад “Арвис” клубын М.Ичинхорлоо тооны харьцааг нээсэн ч түүний гоолоос ердөө хоёр минутын дараа “ХАД” клубын Ө.Ганцэцэг тоог тэнцүүлэв. Ийнхүү эхний хагас тэнцээгээр өндөрлөсөн бол хоёрдугаар үе дөнгөж эхлээд 2015 оны шилдэг эмэгтэй тоглогч “ХАД” клубын лидерүүдийн нэг Б.Намуун тэргүүллийн гоолыг орууллаа. “Арвис” клубын М.Ичинхорлоо 22’ минутад өөрийн хоёр дахь гоолыг оруулж, тоог тэнцүүлсэн ч “ХАД”-ын Ө.Ганцэцэг мөн өөрийн хоёр дахь гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэж чадсанаар, багаа ялалтад хөтөллөө.
Шигшээд шалгарсан “ХАД”-тай тоглох багийг тодруулахаар “Дэрэн”, “Монголын тэмүүлэл” клубууд шийдвэрлэх тулааныг хийлээ. “Дэрэн”-ээс эхний хагаст Ө.Ундрах 4, 12 Г.Солонго 13 “Монголын тэмүүлэл”-ээс Г.Шинэцэцэг 15 дахь минутад гоол оруулан 3-1 харьцаатай “Дэрэн” давамгайлсан. Гэхдээ хашир туршилагатай Ц.Ганболд дасгалжуулагчийн шавь нар хоёрдугаар үед үр дүнг эргүүлэн үндсэн цагт 4:4-өөр тэнцэв. Тийнхүү торгуулийн цохилтоос ялагчийг шийдвэрлэхэд “Монголын тэмүүлэл”-ээс Н.Номинбаяр, Э.Сарангэрэл нар цохилтоо амжилттай гүйцэтгэж баг нь 2:1-ээр хожлоо.
Баасан гарагт хүрэл медалийн төлөө “Арвис”, “Дэрэн” клубууд тоглох бол аваргын алтан цомыг “ХАД”, “Монголын тэмүүлэл” клубууд булаалдана. Ингэснээр “А” хэсгээс шалгарсан “ХАД”, “Монголын тэмүүлэл” мөн “В” хэсгээс хамт хасагдах шатанд үлдсэн “Арвис”, “Дэрэн” клубууд медалийн төлөө тоглохоор болов.
Д.Өлзий