Сайнцагаан сум шинэ үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн төв Сайнцагаан сумын ИТХ нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлээ баталсан байна. Ирэх онд тус сум зургаан үндсэн зорилт дэвшүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөжээ.
Тодруулбал, иргэдэд төрийн үйлчилгээг шат дамжлага багатай, хүнд сурталгүй хүргэж,төрийн албан хаагчдыг хариуцлагажуулан аливаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатанд ханган ажиллахаар эхний зорилтоо дэвшүүлсэн байна.Энэ хүрээнд 57 ажил төлөвлөсөн бол хоёр дахь зорилт нь эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, Шилэн дансны хуулийг бүх шатанд хэрэгжүүлж ажиллахаар 10 ажил төлөвлөжээ.
Гуравт нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамрагдах боломжийг бий болгох замаар хүний хөгжлийг дээдлэх зорилтын хүрээнд 93 ажил төлөвлөж,иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд,залуучуудын дунд уралдаан тэмцээн,чуулган зохион байгуулах,ялангуяа хүүхэд хамгааллын талаар байгууллага,иргэдтэй хамтран ажиллана.
Дөрөвдүгээрт уламжлалт мал аж ахуйг фермерийн аж ахуйтай хослуулан хөгжүүлж,бизнес эрхлэгчдээ дэмжин, өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх, тавдугаарт байгалийн нөөцийг зохистой ашиглаж, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, аялал жуулчлал,уул уурхайгаас орон нутагт орох орлогыг нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Энэ хүрээнд малчдын үйлдвэрлэл, бизнес эрхлэгч болон шинэ үйлдвэрлэгчдийн санал санаачлагыг бүх талаар дэмжин ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллахаар болжээ.
Мөн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан нэмэгдүүлж,бүтээн байгуулалтыг өрнүүлж ажиллахаар үндсэн чиглэлээ төлөвлөсөн байна
Т. Отгонтуяа