Дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлт тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайд Женнифер Зимдал Галттай уулзаж, автозамын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлт тавив.
Монгол, АНУ-ын харилцаа 30 жилийн турш тууштай өргөжин хөгжиж ирснийг уулзалтын эхэнд талууд онцлов. Д.Ганбат сайд Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр Чойр-Сайншандыг холбосон 176.4 километр авто замыг барьсан нь зам, тээврийн салбарт хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж буйн тод жишээ гэдгийг дурьдаад 2016-2020 онд яамны зүгээс хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Мөн тэрбээр Чойр-Сайншандын автозамыг 3 эгнээтэй болгон өргөтгөх, Улаанбаатар-Налайх-Замын-Үүд чиглэлийн 620 км замыг замыг шинэчлэх ажилд хамтрахыг хүсэв.
Элчин сайд Женнифер Зимдал Галт Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид зам, тээврийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Ч.Ариунболд