Өмнөговь аймаг Солонгос улсын Гёонгсангбук аймагтай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-23 14:28:10

Өмнөговь аймагт Солонгос улсын Гёонгсангбук аймгийн удирдлагууд зочилж тус аймагтай хамтран ажиллахаар боллоо.

Тэд газар тариалангийн салбар дээр хамтран ажиллахаар болсон бөгөөд эхний ээлжинд чадварлаг боловсон хүчнийг Солонгос улстай хамтарч бэлтгэхээр болсон байна. Мөн газар тариалан эрхлэхэд шаардлагатай техник хэрэгслийг Солонгос улсаас авахаар болсон ажээ. Тус аймагт дөрвөн улирлын хүлэмжийн болон зоорийн аж ахуйг түлхүү хөгжүүлэх тал дээр хэрхэн ажиллах талаар ярилцаж, хамтын ажиллагааг сайжруулснаар тодорхой хугацааны дараа Өмнөговь аймгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээний 50 хүртэлх хувийг орон нутагт тариалсан органик жимс, ногоогоор хангах боломжийг бий болгоно гэж тогтлоо.

Ер нь говь нутагт газар тариаланг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд 2017 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд олон ажлуудыг тусгаж өгсөн. Энэ ажлуудын эхлэл болгож ийнхүү Солонгос улсын Гёонгсангбук аймгийн удирдлагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Д.Мишигсүрэн

 

相关新闻