Хөгжлийн бэрхшээлийг дасгал хөдөлгөөнөөр сэргээн засах төв ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Эрүүл мэндийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийг нээгээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхтэй нь хамтран хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг нь дэмнэн ажиллах ийм төв бий болсонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх талархаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тогтмол дасгал хөдөлгөөнөөр засах болон сэргээн засах эмчилгээний ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар “Бид нэг тэнгэртэй” төсөл бичжээ. Уг төсөлд “Дэлхийн зөн Дундговь” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр 8.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүгээр сэргээн засах төвд шаардлагатай тоног төхөөрөмж авч, өнгөрөгч баасан гарагаас үйл ажиллагаагаа ийнхүү эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн сэргээн засах эмчилгээ сувилгааны талаар эцэг эхчүүдэд сургалт явуулж байна.
“Эхний удаад 0-5 хүртэлх насны хүүхдийн дасгал хөдөлгөөнд зориулсан тоног төхөөрөмж авсан.Цаашид нас насны хүүхдэд тохиромжтойг авна. Зөвхөн аймгийн төв гэлтгүй зуны цагт хөдөөгийн сумдаас ч эцэг эхчүүд хүүхдээ авчирч, сэргээн засах эмчилгээ сувилгаанд хамруулах боломжтой” гэж ЭМГ- ын мэргэжилтэн Б. Саруулцэцэг хэллээ.
Дундговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй 289 хүүхэд аж төрдөг. Тэдний дийлэнх нь саажилттай болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд байгаа юм.
Т. Отгонтуяа