Даамын дэлхийн аварга Э.Хүслэн оны онцлох сурагч боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 5Г ангийн сурагч Э.Хүслэн "Биеийн тамир спорт, бие бялдрын хөгжил” номинацид Монгол Улсын 2016 оны онцлох сурагч боллоо.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран энэ оны “Оны онцлох” 20 сурагчийг тодруулж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат батламжийг гардуулсан байна.
Э.Хүслэн энэ оны 11 дүгээр сард Туркийн Измер хотод болсон 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдөж дэлхийн аварга болсон.
Тэрээр олон орны тамирчидтай 9 өрөг тоглосноос 6 хожиж, 3 тэнцэж 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлсан төдийгүй 2015 онд Голландын Бейлэн хотод болсон өсвөрийн даамчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан амжилтаараа дэлхийн аваргын хос медальтан. болж байгаа юм
Дашрамд дурдахад.Дорноговь аймгийн 26 өсвөрийн даамчин энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 10 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авч байв.
Х.Эрдэнэбулган