Хууль бус тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ“Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх 10 хоногийн аян”-ы хүрээнд Зуунмод-Улаанбаатар чиглэлд хууль бус тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэл болон жолоочийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн байна.
Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 19 өдрөөс 10 хоногийн "Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх" аян явагдаж байна. Аяны хүрээнд хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэл жолооч нарт илрүүлж хариуцлага тооцож байна.
Хяналт шалгалтыг Төв аймгийн ЗЦТ-ийн зохицуулагч, МХГ-ын Авто тээврийн улсын байцаагч нар хамтран явуулж байгаа юм. Шалгалтаар хулгайн тээвэр хийж буй тээврийн хэрэгслүүдийн улсын дугаар, жолоочийн мэдээллийг тэмдэглэн авч, зургаар баримтжуулж байгаа юм.
Харин хууль бус зорчигч тээвэрлэж байгаа жолооч нараас энэ талаар тодруулахад, зорчигч нар өөрсдөө албан ёсны үйлчилгээ үзүүлдэг жижиг оврын автобуснуудад их гомдолтой байдаг гэв. Мөн тэд өдөртөө 10-15 удаа Улаанбаатар Зуунмод хоёрын хооронд явдаг бөгөөд өдөрт дунджаар шатахуунаасаа гадна 40-50 мянган төгрөг олдог аж.
Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хүртэл нэг зорчиг 2000 мянган төгрөгөөр зорчин явдаг байна. Хэрэв иргэд албан ёсны үйлчилгээ үзүүлдэг хот хоорондын зорчигч тээврээр үйлчлүүлбэл тухайн төлсөн төлбөрийн тодорхой хувь таны даатгалын санд ордог аж. Харин хууль тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа та зам тээврийн осолд орвол та ямар нэг даатгалын үйлчилгээнд хамрагдахгүй юм.
Тиймээс зорчигч иргэд та бүхнийг хулгайн зорчигч тээврийн хэрэгсэлд сууж үйлчлүүлэхгүй байх, аль болох нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг албан ёсны компанинаар үйлчлүүлэхийг Төв аймгийн ЗЦТ-ийн зохицуулагч СБолдмандах зөвлөсөн юм.
Т.Есүхэйтөмөр