ТӨВ: Чөлөөт бөхийн барилдааны олон хотын бага насны нээлттэй тэмцээнийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-24 09:02:31

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Zuunmod cup-2025” чөлөөт бөхийн барилдааны олон хотын бага насны нээлттэй тэмцээнийг анх удаа зохион байгуулж, 73 байгууллагын 1076 тамирчин оролцжээ. Тэмцээн 9-14 насны 6 ангиллаар болж, 38 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.


Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг “Төв арж” баг эзэлсэн бол дэд байрыг Дархан-Уул аймгийн “Дархан эрхэт” баг эзэлж, гутгаар байрт “Алдар” спорт хороо тус тус шалгарчээ. 


Төв аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуяг, "Энэхүү тэмцээн нь чөлөөт бөхөөр эхлэн хичээллэж буй охид, хөвгүүдэд урам өгөх, бие биеэсээ суралцах, тус спортыг хөгжүүлэх зорилготой юм. Монголын тамирчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас 20 гаруй тамирчин оролцож, тэмцээний чансаа, цар хүрээг нэмэгдүүллээ" гэв. 


Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Хатанбаатар, "Аливаа тэмцээн бол зөвхөн өрсөлдөөн бус, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн шалгуур байдаг. Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр улам өргөжүүлэн, тогтмол зохион байгуулж, улам бүр хөгжүүлнэ" гэв. 



相关新闻