Чойжин лам Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо нарын түүхийг багтаасан бүтээл хэвлэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЧойжин ламын сүм музей нь эрдэм шинжилгээ, түүхэн судалгааны ажлын үр дүнг олон нийтэд хүргэх зорилгоор Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Чойжин лам Лувсанхайдав хутагтын лагшин мэндэлсний 145 жилийн ойг тохиолдуулан “Баримтын эмхэтгэл /1900-2016/”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” сэдэвт судалгааны бүтээлийг эрхлэн хэвлүүллээ.
Зохиолыг З.Нинжбадгар, Д.Отгонсүрэн нар бичиж, ерөнхий редактороор Ч.Хатанбаатар ажиллажээ.
“Баримтын эмхэтгэл” номд Монгол Улсын Үндэсний төв архив, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив, Нийслэлийн Архивын газар, Улс төрийн нам, Олон нийтийн байгууллагын баримтын архив болон хүмүүсийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 1900-2016 оны музейн түүхэнд холбогдох 300 гаруй баримт бичиг багтжээ.
“Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” бүтээлд Гүжир хамба, Нийслэл Хүрээний голын чойжин, Эрдэнэ билэгт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав эцэг ба Хурц билигт Сүрэнхорлоо эх дагина нарын үнэн түүхийг архивын баримт, аман сурвалж, шашин номын эх сурвалжуудаас тодруулан гаргасан байна.
Мөн Лувсанхайдав дээдсийг Найчүн Дорждагдан сахиусны гүртэнбэ байсныг баримтаар нотлохын сацуу хутагт хүн байсныг нь урьд эртийн төрөлтэй нь холбон тайлахыг хичээжээ. Ингэхдээ Дорждагдан сахиусны түүх, үүсэл гарвалыг судалж, түүний монгол нутгаас гаралтай хэмээн тайлбарлажээ.
Ж.Болор