Баталгаажаагүй учир Монгол цай дэлхийн зах зээлд гарч чадахгүй байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЦай үйлдвэрлэгчдийн хувьд гаднаас сав баглаа боодлоо худалдан авдаг бөгөөд валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан бүтээгдэхүүний үнээ нэмэхэд хүрчээ.
Энэ тухай ХХАА-н яаманд болсон Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлгийн үеэр тэд тодотгосон юм.
Монголд өнөөдрийн байдлаар цайны үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид байгаа гэсэн судалгаа бий.
Хэлэлцүүлгээр цай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадны жуулчдад борлуулахын тулд сав баглаа боодол дээр зөвхөн монгол хэлээр тайлбар гаргах бус англи хэлээр танилцуулгыг товч хэлбэрээр хүргэх нь чухал гэдэгт санал нэгдэв. Учир нь ихэнх цайны шошго дахь мэдээлэл зөвхөн монгол хэлээр байдаг учраас гадныхан мэдээлэл авах боломжгүй юм.
“Говь Гурван Сайхан” компаний захирал С.Мааманхүү ярихдаа, “Хөдөө орон нутгийн цай үйлдэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл зөвхөн аймгийн хэмжээнд эргэлддэг. Учир нь бид бүтээгдэхүүнээ тэр бүр сурталчлаад байдаггүй” гэлээ.
Харин “Ногоон алт” төслийн зөвлөх У.Будбаатар “Монголд цайны ургамлыг тарьдаггүй, байгалиас түүж үйлдвэрлэг учир цэвэр органик бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай. Тиймээс давуу талаа сурталчлан гадаадын зах зээлд гаргахын тулд цэвэр органик бүтээгдэхүүн гэдгээ юун түрүүнд баталгаажуулах хэрэгтэй. Баталгаажуулахын тулд гадны хөндлөнгийн байгууллагаар хянан шалгуулах ёстой. Энэ хараахан баталгаажаагүй учир Монгол цай дэлхийн зах зээлд гарч чадахгүй байна” хэмээв.
Дашрамд дурдахад Монголд нийт 200 гаруй төрлийн цайны ургамал ургадаг ба үүнээс зөвхөн 30 гаруй төрлийг нь ашиглан цай үйлдвэрлэдэг байна. Түүнчлэн манай улсад импортоор нэг сая тонн орчим цай орж ирдэг аж.
М.Аминаа
Гэрэл зургийг Н.Батбаяр