Улирлын амралтаараа “Номтой аялал”-д оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-08 13:12:18

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний IV сургуулийн Г.Цолмон багштай 9В ангийн хүүхдүүд багштайгаа улирлын амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна.

Монгол Улсын тэргүүний багш Г.Цолмонгийн зүгээс хүүхдүүдээ “Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг дээдэлсэн, эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн болгон төлөвшүүлэх”-д ихээхэн анхаардаг багш юм.

Иймээс энэ 2-р улирлын амралтаар нь “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ангийнхаа сурагчдыг Улаанбаатар хотод 4 хоногийн хугацаатай хичээлээ бататган давтах аялал хийж байгаа аж. Хүүхдүүд аяллаараа Улсын шилдэг багш нартай хамтран ажиллах, “Мэргэжил бүхэн сайхан”-үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ зохиолчидтой уулзалт зохион байгуулах төлөвлөгөө гаргасан байна.

Аялагчид эхний өдрөө Монголыг Оюун Ухааны Академийн үйл ажиллагаатай танилцаж, “Суралцахуйд суралцах нь” сэдвээр сургалтад хамрагджээ. Хүүхдүүдийн номтой аялал цааш үргэлжилсээр ном хэрхэн бүтдэгийг үзэхээр "Мөнхийн үсэг" ХХК-ийн хэвлэх үйлдвэртэй танилцаж, “Аз хур” номын их дэлгүүрт зочилсон байна. Энэ үеэрээ зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзаж бага насных нь хүсэл мөрөөдөл болоод олон сонирхолтой дурсамжуудыг нь уудлаад амжжээ. Түүгээр ч барахгүй хайрлаж хүндэлж явдаг зохиолчийнхоо гарын үсэгтэй номыг нь гардан авсан завшаантай учрал болсон байна. Мөн аяллын хамгийн сонирхолтой нэг хэсэг нь 15 жилийн түүхтэй Залуу Хатагтай Ноёдын Сургуульд хамт олноороо очиж суралцсан нь тус сургуулийн түүхэнд хамгийн онцлог үйл явдлын нэг болсон байна.  

Энэхүү номтой аялалыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн хэлтсээс ангийн багш Г.Цолмонтой хамтран зохион байгуулж буй ажээ.

 Ч.Отгонцэцэг

相关新闻