Хүүхэд харах үйлчилгээнд хоёроос доош насны хүүхдээ хамруулах хүсэлтэй байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймаг 2-5 насны 8000 хүүхэдтэй. Үүнээс 7169 хүүхэд сургуулийн өмнөх өдрийн болон хувилбарт үйлчилгээнд хамрагддаг. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 831 хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдээс хүүхэд харах үйлчилгээнд 156 хүүхэд хамрагдаж эхэлсэн. ХАХНХЯ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн 20 хувьд санхүүгийн квот олгосноор Ховд аймгийн 166 хүүхдэд тус үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон байна.
Хуваарилсан санхүүгийн эрхийг хилийн 8 застав, 17 сумын нийт 33 иргэнд хувиарлав. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэдийн хүсэлтийг сумдын Засаг дарга нар хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд Засаг даргын захирамжаар Хяналтын баг байгуулагдан хяналт ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан иргэдийн зүгээс тус үйлчилгээг ихээхэн талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид үйлчилгээнд хамрагдагсадын хуулийн хүрээний насны доод хязгаар буюу 2 нас гэж хуулинд заасан нь бэрхшээлтэй байна гэсэн саналыг олон иргэд тавьж байгаа юм.
Эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээнд 2-оос доош насны хүүхдүүдийг илүү хамруулах хүсэлтэй байдаг нь ажил орлогоо нэмэгдүүлэх, өрх гэрээ төвхнүүлэхээ боддог гэж тус аймгийн Гэр бүл хүүхэд хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд ярилаа.
А.Бямбасүрэн