Малчдад зориулсан нэгдсэн сургалт зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас малчдад зориулсан нэгдсэн сургалт, өдөрлөгийг энэ оны нэгдүгээр сарын 14-15-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь малчдын хувьд жилдээ нэг удаа өөр хоорондоо уулзаж аж амьдрал, асуудал бэрхшээлээ ярьдаг, танилцаж дотносдог хамгийн чухал баяр байдаг.
Энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар малчдад үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж, явуулын амбулаториор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол сумын ЗДТГ-аас төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэл өгнө.
Мөн сумын Засаг дарга ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, сумын ИТХ-аас мөн л дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулахаас гадна УБТЗ-ын Сайншанд зангилааны Замын дөрөвдүгээр анги, Эрдэнэ сумын хилийн 0129 дүгээр ангийн албан хаагчид мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож харилцан яриа өрнүүлэх аж.
Түүнчлэн малчдын дунд тэмээн поло, сайхан тэмээтэй хос тэмцээн, сумын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болохоос гадна “Саран хөхөө” театрын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ толилуулах аж.
Дашрамд дурдахад тус суманд улс аймагт шалгарсан 20 гаруй сайн малчин байдаг бөгөөд тэдний арга туршлагыг залуу малчдад өвлүүлэх туршлага солилцох, халуун яриа өрнүүлэх уулзалтыг ч давхар зохион байгуулах юм.
Х.Эрдэнэбулган