Огтолсон нэг модны оронд 10 мод тарьж, ургуулах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-10 15:42:45

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаас гаргасан 02 тогтоолд сумдад цэвэрлэгээний журмаар бэлтгэх хэрэгцээний модыг иргэд, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудаар бэлтгүүлж, сум орон нутгийнхаа хэрэгцээг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Мөн тус тогтоолд ойгоос мод бэлтгэх ажлыг холбогдох заавар журмын дагуу гүйцэтгүүлж, үйлдвэрлэлийн огтлолоор бэлтгэсэн 100 шоо метр мод тутамд 1.5 га талбайд ойжуулалт хийлгэх. Мөн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэсэн иргэнээр Ойн тухай хуулийн огтолсон нэг модны оронд 10 мод ойд тарьж ургуулах заалтын хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн МХГ-т тус тус үүрэг болгосон байна.

Ойн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн, энэ талаар иргэдээс удаа дараа гомдол, санал ирсэн, 2016 онд мод бэлтгэлийн хуваарь аваад түүнийгээ биелүүлээгүйн улмаас ойн нөөц ашигласны орлогын төлөвлөгөөг тасалдуулсан, өөрийн хөрөнгөөр ойжуулалтын ажил гүйцэтгээгүй, дутуу хийсэн аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлд мод бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байхаар заасан байна. Түүнчлэн тухайн суманд олгосон түлээний модыг өөр аймаг, хот руу тээвэрлүүлэхгүй байхыг сумын болон сум дундын Ойн ангиуд, сумдын Засаг дарга нарт даалгалаа.

Ч.Отгонцэцэг

相关新闻