Бэлтгэсэн модныхоо 30-аас доошгүй хувийг орон нутгийн хэрэгцээнд зориулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-10 15:50:41

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар аймгийн хэмжээнд 2017 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх асуудлыг хэлэлцсэн юм.  

Тус хуралдаанаар 2017 оны 01-р сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоол гаргаж мод бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайтар ханган ажиллахыг холбогдох хүмүүст даалгасан байна. Түүнчлэн бэлтгэсэн модны 30-аас доошгүй хувийг орон нутгийн хэрэгцээнд нийлүүлэхийг сумдын Засаг дарга, сум дундын Ойн ангийн дарга, мод бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн дарга, захирлуудад үүрэг болгожээ.

Мөн ойн сангийн нөөцгүй Сүхбаатар, Жавхлант, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Шаамар, Баянгол зэрэг суманд нутаг дэвсгэрээс нь  мод бэлтгэхээр тогтоолд заасан хөрш зэргэлдээ сумдын Засаг дарга нартай мод бэлтгэх хугацаа, нөхцөлийг сайтар тохиролцон түлшний болон хэрэглээний мод бэлтгэх гэрээ хийж, хэрэгжүүлэн ажиллахыг даалгасан байна. Мөн тогтоолд тусгай хамгаалалттай газраас цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэх зөвшөөрлийг Шаамар, Сүхбаатар, Мандал, Ерөө сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгохыг Тужийн нарсны болон Хан Хэнтий Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаадын дарга нарт үүрэг болгожээ.  

Ч.Отгонцэцэг

相关新闻