Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудалд маргаан гарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ оны нэгдүгээр сарын 05-нд захирамж гаргаж Айраг сумын Засаг дарга С.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлж түүний оронд Л.Мөнхжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ.
Засаг даргын шийдвэр гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан Ажлын хэсэг ажил хүлээлцүүлэхээр тус суманд очсон байна. Харин аймгийн Засаг даргын шийдвэрийг эсэргүүцэж Айраг сумын иргэдийн төлөөлөл болон сумын удирдлагууд Ажлын хэсгийн хооронд үл ойлголцол үүсчээ.
Сумын удирдлагууд зарим баримт бичгийг сошиал сүлжээнд тавьжээ. Үүнтэй танилцвал 2016 оны сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуульд Айраг сумын ИТХ-ын 21 мандатын 16-д нь Ардчилсан нам, үлдсэн таван суудлыг МАН авчээ. Хуулийн дагуу олонх болсон намаас Засаг даргаа сонгож аймгийн Засаг даргад уламжлах заалтыг үндэслэж С.Ганбаатарыг ИТХ-ын 2016 оны11 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор дахин Засаг даргад нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилсан боловч шийдэгдээгүй байна.
Сумын Засаг даргыг ямар шалтгаанаар томилох боломжгүй талаар хариу өгөөгүй атал сумын Засаг даргыг чөлөөлж үүрэг гүйцэтгэгч томилж байгаа нь сумын ИТХ-д олонхи болсон нам болон сумын иргэдийн сонголтыг үл хүндэтгэсэн үйлдэл боллоо гэж үзэж байгаа аж.
Сэтгүүл зүйн үнэн бодитой байх зарчмыг үндэслэж аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг агуулгыг ч танилцуулах нь зүйтэй. Аймгийн засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 05-нд гаргасан захирамжид Монгол Улсын ЗЗНДНТУТХ, болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул” Засаг даргыг ажлаас чөлөөлснийг дурдсан байна.
Х.Эрдэнэбулган