Бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны өвчлөл өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 60.2 хувийг 0-4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа бол 28 хувийг 5-24 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Төв аймгийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 2-8-нийг дуустал эхний долоо хоногийн байдлаар нийт 4013 хүн амбулаториор үйлчлүүлсний 519 хүн буюу 13 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдон, 10.000 хүн амд 57.3 тохиолдол бүртгэгдсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар нийт 391 хүн үзүүлснээс 137 хүн буюу 35 хувь нь мөн томуу, томуу төст өвчнөөр үзүүлсэн гэж Төв аймгийн ЗООНОЗ-Халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн төвийн дарга Ж.Алтанцэцэг хэллээ.
Мөн тэрээр амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин эзлэх хувь өмнөх долоо хоногоос 1.31 хувиар буюу 10.000 хүн амд ногдох өвчлөл 31.6 промилээр нэмэгдсэн байна. Түүнчлэн Төв аймгийн Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянхангай, Баянцагаан, Дэлгэрхаан, Мөнгөнморьт, Сэргэлэн, Сүмбэр, Заамар, Цээл, Эрдэнэ сумд, Зуунмод хотод амбулаторийн үзлэгийн дотор томуу томуу төст өвчний эзлэх хувь аймгийн дунджаас өндөр байгаа бөгөөд зарим сумдад 58.3-62.5 хувьд хүрээд байгаа талаар дурдсан юм.
Түүнчлэн Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 75 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчиний хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өвчин хүндэрсэн үедээ эмнэлэгт хандах нь нийтлэг байна.
Иймд иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, халуун хоол хүнс хэрэглэх, хувийн ариун цэврийг сайтар хангахыг анхаарууллаа.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр