Германы хөлбөмбөгийн холбоо, МХБХ-той хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭДэлхийд чансаагаараа хоёр бичигддэг 2014 оны дэлхийн аварга Герман улсын Хөлбөмбөгийн холбоотой Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран ажиллахаар хэлэлцэж байна.
УЕФА-гийн мэргэжлийн дасгалжуулагчийн зэрэглэлтэй Hans Michael Weiss Монголд хүрэлцэн ирж шигшээ багийн бэлтгэлтэй танилцав. ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлалын үеэр МХБХ-ны хүсэлтийн дагуу Германы хөлбөмбөгийн холбооноос санал болгосноор дасгалжуулагч Hans Micheal Weiss ирээд байна. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар өнөөдөр Герман улсын багш дасгалжуулагчийг хүлээн авч уулзан Монголын хөлбөмбөгийн хөгжил ямар шатанд явж байгааг сонирхуулав. Энэ үеэр 16 хүртэлх насны шигшээ баг болон Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлтэй танилцуулсан юм.
УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн лицензтэй Hans Micheal Weiss-ийн хувьд 1965 оны 3 дугаар сарын 11-нд Герман улсын Данненфельс хотноо төрсөн. Тэрбээр 2004 онд УЕФА-гаас мэргэжлийн лицензээ /зэрэглэл/ гардан авсан бөгөөд Англи болон Япон, Франц, Испани хэлээр ярьдаг. Тэр 2001-2004 онд Япон улсын Kyoto Sanga F.C багийн туслах менежер, 2004-2006 онд БНХАУ-ын 20 хүртэлх насны шигшээ багийн туслах менежер, 2007-2010 Рванда улсын техник хариуцсан захирал, 20 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч, 2011 онд Филлипин улсын 23 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч, 2011-2014 онд Филлипин улсын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 2014 онд Румын улсын 2-р лигийн Oțelul Galați багийг дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан.
Д.Өлзий