"Үндсэн хуулийн өдөр"-ийг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬМонгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуулиа өлгийдөөд 25 жил болжээ. Хүний эрх, эрч чөлөө хийгээд нийгмийн суурь асуудлыг бүхэлд нь зохицуулсан “Эцэг” хуулийн үзэл санаа нь тусгаар Монгол Улсын нийгмийн хөгжлийг залуурдаж, улсын үнэт зүйлийг тодорхойлж ирсэн байдаг.
“Үндсэн хуулийн өдөр”-ийг орон даяар тэмдэглэж байгаа бөгөөд Дорноговь аймгийн ИТХ-аас тодорхой ажлуудыг зохион байгуулж буй. Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяраас тодруулахад ”Үндсэн хуулиа баталснаар өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсын нийгэм эдийн засаг болон хүмүүсийн оюун санааны байдалд олон шинэчлэл хийгдсэнээс гадна олж авсан ололт амжилтаа бататгаж, алдаа оноогоо засаж залруулж, ирээдүй рүү итгэлтэй алхах асуудал чухлаар тавигдаж байна.
Учир нь Үндсэн хуульд суурилж бусад хууль тогтоомжууд батлагддаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар Засгийн газрын түвшинд Ажлын хэсэг байгуулагдаж иргэд олон нийтээс санал авах асуудал яригдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болсон аймгуудын ИТХ-ын дарга Засаг дарга нарын нэгдсэн семинарын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд орон нутгийн зүгээс санал өгөх асуудлыг ч ярьсан.
Тиймээс ард иргэд энэ асуудалтай холбоотой санал хүсэлтээ ирэх долоо хоногт багтаж аймгийн ИТХ-ын Ажлын албанд өгөхөд нээлттэй. Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулж аймгийн ИТХ-аас хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Бид “Шихихутуг” их сургуулийн багш, хуульч Ц.Амарсанааг орон нутагтаа урьж төрийн албан хаагч болон ард иргэдтэйгээ уулзуулсан. Зорилго нь шинээр батлагдсан болон хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа холбогдох хуулиудын үзэл санаа, төрийн албан хаагчдын мэдэж байх зарим хууль дүрмийн асуудлыг ярилцаж асуулт, хариулт, хэлэлцүүлгийг Сайншанд хотынхоо “Соёмбо” цогцолборт зохион байгууллаа” гэв.
Мөн аймгийн ИТХ-аас “Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдааныг энэ оны нэгдүгээр сарын 14-нд 15 цагаас аймгийн Спортын ордонд зохион байгуулах аж.
Дашрамд дурдахад шинэ Үндсэн хуулийг батлалцахад Дорноговь аймгаас депутатаар сонгогдон ажиллаж байсан хүмүүсээс Б.Нямдорж, Ц.Дэмид гуай орон нутагтаа суурьшин амьдардаг бөгөөд ахмад депутатууд Улаанбаатар хотноо Үндсэн хуулийн арга хэмжээнд оролцохоор явжээ.
Жил болгон ахмад депутатуудыг хүлээн авдаг уламжлал ёсоор аймгийн ИТХ-аас Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудаа хүлээн авч, санал солилцож хүндэтгэл үзүүлэх юм байна.
Х.Эрдэнэбулган