Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-13 23:21:28

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан өөрийн сумаас төрсөн депутат Х.Намсрайжавын гэгээн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Ахмад төр нийгмийн зүтгэлтэн Х.Намсрайжав нь 1992 онд батлагдсан Шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын нэг юм. Мөн тэрээр Сэлэнгэ аймгийн Хушаат сум 1987 онд дахин эмхлэн байгуулагдахад анхны сум, САА-н даргаар 10 гаруй жил ажиллажээ. Түүнчлэн 1988-1992 онд “Энхтал” САА-гаас БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын бүх хуулиудын тулгуур хууль болсон Үндсэн хуулийг батлалцахад оролцож, оюун ухаанаа уралдуулан улс орноо удирдахад үнэтэй хувь нэмэр оруулж байсан байна.

Х.Намсрайжав гуай бүхий л амьдралаа Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө, Сэлэнгэ нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн төлөө зориулсан ахмад агрономич аж. Ийнхүү эл түүхэн өдрийг тохиолдуулан түүний хийж бүтээсэн бүхнийг хойч үеийнхэн нь үл мартах, дурсан санах, үлгэр дуурайлал авах үүднээс тус арга хэмжээг явуулжээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻