Эмнэлгийн хог хаягдал тулгамдсан асуудал болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-14 19:02:55

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар эрүүл мэндийн байгууллагаас гарсан хог хаягдлыг арилгах асуудлыг хөндөж, энэ сэдвээр сургалт зохион байгуулав.

Эмнэлгүүдийн хог хаягдал эгзэгтэй асуудлуудын нэг болоод байна. Энэ төрлийн хогийг эмнэлгээс зайлуулаад зогсохгүй устгал хийж булж байх журамтай. Гэтэл Өлгий хотын зах дээр байдаг хог асгадаг газар маш их замбараа алдаж, энд хэрэглэсэн тариуруудаас эхлээд бусад төрлийн хогууд цацагдаж хэвтэх нь хотын оршин суугчдын эрүүл мэндэд халтай болж байна.

Дээрх сургалтад аймгийн удирдлага, нэгдсэн эмнэлэг, өрхийн болон хувийн эмнэлэг, эмийн сангуудын ажилтнууд оролцлоо. Аймгийн засаг дарга уг асуудал улсын хэмжээнд тулгамдаж буй маш чухал асуудал гэдгийг хэлж холбогдох газруудад шаардлага тавьж хурдан хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Мөн Өлгий сумын Засаг дарга хог хаягдлыг устгах цэг байгуулах газрыг шийдвэрлэж өгөхөөр болов. Цаашид эрсдэл бууруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулагдаж Эрүүл мэндийн байгууллагын тусгай хог хаягдлыг нэгдсэн журмаар тээвэрлэх, устгах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Ш.Айзаря

相关新闻