20 мянган өрхийг эрчим хүчээр хангах нарны цахилгаан станц ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-19 17:58:52

-40 хэмийн хүйтэнд найдвартай, өндөр үр ашиг өгөх 10 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц Дархан-Уул аймагт ашиглалтад орлоо.

Жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх  тус станц өнөөдрөөс Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхлэв.

Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт байрлах энэхүү нарны станцыг дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран барьжээ.

Нарны станц нь 20 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах бөгөөд жилд 14 746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтойг “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр онцлов.  

Станцын нээлтийн ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока нарын албаны хүмүүс оролцлоо.

 

 Б.Заяа

相关新闻