Кисэносато сумогийн 72 дахь Их аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-01-24 11:41:04

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өчигдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, озэки Кисэносатод Ёкозүна /Их аварга/ цол олгохоор шийдвэрлэжээ. 

Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ 19 жилийн дараа япон сумоч Ёкозүна цолтон болж байгаа гэдгээрээ онцгой үйл явдал юм. Онцлон дурдвал, япон бөхчүүдээс Их аварга Ваканохана 1998 онд Ёкозүна цол хүртэж байв. Японы сүмогийн холбооны удирдах зөвлөл ирэх лхагва гарагт /2017.01.25/ хуралдаж Кисэносатог мэргэжлийн сумогийн 72 дахь Их аваргаар батламжлах юм.

Тэрбээр 2004 онд Макүүчи зиндаанд хөл тавьсан бөгөөд үүнээс 13 жилийн дараа анхны түрүүгээ авч байна. Ибараки мужаас төрсөн озэки Кисэносато өдгөө 30 настай. Харин Кисэносато таван жил буюу 31 башё Озэки цолтой хамгийн удаан барилдаж байж Их аварга болсон гэдэг түүхийг бичиж байна. Тэрбээр 2017 оны тэргүүн башёд 14 даваатай түрүүлсэн.

Макүүчи зиндаанд 73 башёг үдсэн Кисэносато 1926 оноос хойшхи сумогийн түүхэнд хамгийн урт хугацааны дараа дээд цолд хүрсэн бөх болж байна.  Их аварга Таканохана 2003 онд зодог тайлснаас хойш япончууд сумогийн дэвжээнд үндэсний аварга төрөөгүй байсан юм.

Д.Өлзий

 

相关新闻