Завхан аймаг биогаз үйлдвэрлэхээр судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт ОХУ-ын Новосибирск хотын биогазын үйлдвэрийн баг ажилласан байна.
Захирал, инженерүүдээс бүрдсэн тус баг Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр гэсэн сарлаг ихтэй дөрвөн суманд ажиллаж мэдээлэл цуглуулжээ. Тэд малын ялгадас ашиглан биогазын технологиор эрчим хүч, халаалтын асуудлыг шийдвэрлэх тухай судалгааг гаргаж Завхан аймагт ирүүлэх ажээ. Хэрвээ судалгаа боломжийн гарвал биогазын технологийг Завхандаа нэвтрүүлж ашиглаж эхлэх юм байна. Энэ нь модны хэрэглээг багасгах, байгаль орчноо хамгаалах зэрэг олон ач холбогдолтой юм байна.
Түүнчлэн анхны хөрөнгө оруулалт нь өндөр байх хэдий ч нийт зардлын 15 хувийг аймаг гаргавал үлдсэн 85 хувийг жилийн зургаан хувийн хүүтэй банкны зээлээр шийдвэрлэх боломжтой юм байна. Судалгаа ажил болвол “жишиг өвөлжөө”-г бий болгох, Тown House маягийн хаусуудыг биогазын технологиор халаах, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх боломж бий болгох нөхцөл бүрдэх ажээ.
Б.Мягмарсүрэн