Шинжлэх ухааны салбарын санхүүжилт 0.16 байгаа нь маш доогуур үзүүлэлт

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-01-25 15:38:55

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмнэ хэмээн УДБЭТ-т өнөөдөр болсон шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагчтай уулзах үеэр онцлов.

Уулзалтын эхэнд тэрбээр шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого, хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ, “Тухайн улс орны Шинжлэх ухааны санхүүжилт нь ДНБ-ий нэг хувьд хүрэхэд улсын эдийн засагт мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг бол Манай улсын Шинжлэх ухааны санхүүжилт 0,16 хувь байгаа нь маш доогуур үзүүлэлт юм. Иймээс ойрын үед шинжлэх ухааны санхүүжилтийг тав дахин нэмнэ. Мөн судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, технологи дамжуулах төв байгуулах, БНХАУ-тай хамтарсан шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна” гэв.

Уулзалтын үеэр эрдэмтэн, судлаачид, Шинжлэх ухааны салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт маш бага, дэлхийн жишгээс доогуур, Эрдэм шинжилгээний байгууллагуудын бие даасан байдал хангалтгүй, хүрээлэнгүүдийн харьяалал, зохион байгуулалт тогтолцооны асуудлыг эргэн харах хэрэгтэйг хэлж байв.

Мөн Төр засаг солигдоход хүрээлэнгүүдийг нэгтгэх, салгах ажлыг зохион байгуулснаас олон эрдэмтэн судлаач хохирч, үр ашиггүй зардал гардаг олонх эрдэмтэд хэлж байлаа.

Түүнчлэн хүрээлэнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ч санал бодлоо хэлэв.

Сүүлийн жилүүдэд хүрээлэнгүүдийн үл хөдлөх хөрөнгө, газарт нь төр засгаас халдаж байгаа аж. Тухайлбал, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрын асуудал, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг прокурорт шилжүүлэх зэрэг хууль бус үйлдэл гарч байгаа учраас хуулийн хамгаалалт хийж өгөхийг эрдэмтэд хүсэв.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ж.Батсуурь эрдэмтэн судлаачдад хандан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлээд, ажлын амжилт хүссэн юм.

Энэхүү уулзалтад ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинлэх ухаан технологийн бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ болон 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

相关新闻