Тууль хайлахын өмнө товшуураа хүндэтгэлтэй залдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-31 11:14:58

Алтайн урианхайн туулийг өвлийн эхэн цагт зул сарын 25-наас хойш Цагаан сар хүртэл хайлж ирсэн нь малчдын цаг зав, мал сүрэг тарга тэвээрэгтэй, нутаг усны амгалан тайван, цаг улирлын боломжит байдал, туульчийн хүч чадал эрүүл мэндтэй холбоотой түүхэн уламжлалын явцад төлөвшин тогтсон зан үйл, зөв сонголт юм.

Хүмүүс тууль хайлуулахын тулд хэлж сонсгон хэд хоногийн өмнө товшуурыг өөрийн гэрт залан авч ирнэ. Хадаг савссан үе дамжсан товшуурыг морин дэл дээр залан ирэх нь нэг ёсны баяр цэнгэл болдог. Товшуур залсан сураг айл саахалтаар тархаж, зар заллага болж өгнө. Товшуурыг залж ирээд гэрийн хойморт хүндэтгэлтэйгээр байрлуулж, арц сангаар ариутган, чихнээс нь цагаан зурам уяж, гэртээ даалимба, цай, тамхи зэрэг толгой бараа оруулан товшуурын дор байрлуулна.

Алтайн урианхайн туульчид туулийг өөрсдийн хийсэн товшуур хөгжмөөр хавсран хайлдаг. Туульч, ардуудын аль  аль нь товшуурыг ихэд эрхэмлэн хүндэтгэдэг нь нэгд товшуур хөгжим туулийн шүлгийн хэмжээг тохируулж, хэллэгийг баяжуулан тууль хайлах урмыг нэмэгдүүлдэг.

Жирийн байдлаар хүүрнэн хэлсэн туулийн үгийн үе хөгжмийн аялгуунд олширч,уянгалаг аяс оруулна.

Хоёрд туульчид тууль хайлахад өөрт нь ямар нэгэн далдын ид шид тусалдаг хэмээн боддог байсан бөгөөд тийм ид шидийг бүрдүүлэхэд товшуур хөгжим эрхэм зүйлийн нэг байжээ.

Тууль хайлж дууссаны дараа 3-7 хоногт тэр товшуурт хүн гар хүрэх ёсгүй,гэрийн эзэн сүүлд туульчийнд хүргэж өгдөг нарийн дэлгэмтэй байжээ.

Алтайн урианхай туульчид товшуур хөгжимгүйгээр тууль хайлахыг төсөөлөхгүй. Хатуу модоор зүүлт залгаасгүй урлан, сайн морины сүүлээр хялгасалж хийсэн товшуур урам зориг бадрааж, туулийг сонсоход эмх цэгцтэй болгож өгдөг.Товшуурыг харгай зэрэг хатуу  модоор хийх боловч арцны мод бол бүр сайн гэдэг.

Харин хялгас нь шингэвтэр сүүлтэй, эзэндээ ээлтэй номхон удам сайтай унаган адууны сүүлнээс авна. Товшуурын хялгасыг эрчилж томох нь бас учиртай.Товшуур хоёр утастай. Дотор талын утсыг есөн хялгасаар зөв эрчилж, нийтгэнэ. Гадна талын хялгасыг долоон хялгасаар буруу эрчилж нийтгэнэ.

Гадна талын хялгасыг долоон хялгасаар буруу эрчилж нийтгэдэг байна.Товшуурын хялгас нь эзэн хүний хоолойн хүч чадлаас хамааран 7 эсвэл, 9 хялгасаар томдог байсан ажээ. Хүчтэй хоолойтой туульч бол дотно, гадна талын утсыг хоёуланг 9 хялгасаар хийж байсан ажээ. Монгол Улсын төрийн соёрхолт Б.Авирмэд туульч тийм товшуур хэрэглэж байсан тухай түүхч М.Ганболд “Алтайн урианхайн Занын Жилхэрийн удмын туульчид” номондоо дурьджээ.

Түүхийн ухааны Доктор профессор М.Ганболд энэ жилийн цагаан сараар Ховдынхоо зон олны амар амгалан амьдралын төлөө Алтай дэлхийгээ магтан уламжлалаа сэргээж тууль хайлуулж хотол олноо баясгах саналыг Ховд аймгийн засаг даргад танилцуулаад байгаа юм.

А.Бямбасүрэн

相关新闻