Д.Сүхбаатарын эдэлж хэрэглэж байсан эдлэлээр түүхэн үзмэр гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГИх жанжин Д.Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан малгай, дээл, гутал, хөөрөг даалин, сэлэм, маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан тэрлэг, цэрэг малгай, маршал сэлэм, бичгийн хэрэгсэл зэрэг сонирхолтой түүхэн үзмэрийг танилцуулж байна.
Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй зүтгэж, түүхэнд нэрээ мөнхөлсөн Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын төлөөх мөнхийн үйлс” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээсэн юм.
БСШУСЯ, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатар болон маршал Х.Чойбалсангийн амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг мөнхжүүлэх зорилгоор эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, одон тэмдэг, бичгийн хэрэглэл, зэр зэвсэг болон нэрт уран бүтээлчдийн туурвисан урлагийн бүтээлүүд, уран зураг, баримал зэрэг тус музейн сан хөмрөгт хадгалж буй 160 гаруй ховор сонин үзмэр, эх хэрэглэгдэхүүн багтжээ.
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан гацаанд мэндэлсэн бол, маршал Х.Чойбалсан 1895 оны 2 дугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлжээ.
Д.Сүхбаатар нь 14 наснаасаа бичиг үсэгт шамдан сурч, 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан бөгөөд 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнуулсан. Тэрээр Ардын хувьсгалын удирдагчдын нэг төдийгүй оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1922 онд Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдон ажиллаж байв.
Х.Чойбалсанд эцэг Жамц нь Дугар гэдэг нэр өгсөн ч долоон наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, 1931 оны эцсээс Мал тариалангийн яамны сайдын албыг тус тус хашиж байсан. 1939-1952 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар тасралтгүй 13 жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.
Тус үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 8-ныг хүртэл олны хүртээл болно.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ