Утаа бол бизнес биш
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймаг агаарын бохирдлоороо Улаанбаатарын “дүү” болох нь гэх яриа сүүлийн гурван жил яригдлаа. Утаа нэмэгдэх тусам орон нутгийн удирдлагууд юу ч хийдэггүй гэж ярьцгаана. Гэтэл сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс хамтран “Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө” боловсруулж олон арга хэмжээ хэрэгжүүлжээ. Гэвч хотын дээгүүр утаа “суунагласаар” л. Ингээд утаа, агаарын бохирдол тойрсон сурвалжлагаа хүргэе.
Утаагүй зуух, хоёр тарифт тоолуур ч утааг багасгасангүй
Орхон аймаг 29000 өрхтэй. Үүний 16000 нь гэр хороололд амьдардаг. Мөн аймгийн баруун дээд хэсэгт гэр хороолол төвлөрдөг тул утаа нь ямар ч саадгүй Эрдэнэт хотыг бүрхдэг гэсэн үг. Газар зүйн онцлогоороо Монголд 13 цагаас хойш салхи “босдог”. Тодруулбал, Монголын салхи баруунаасаа зүүн зүг рүү чиглэдэг тул гэр хорооллын утаа Эрдэнэт хотыг тэр чигт нь бүрхдэг юм. Нэгэнт хот төлөвлөлт нь ийм учир утаа “үйлдвэрлэж” буй 16000 эх үүсвэрт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ гэр хорооллыг “Агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын I, II, III” бүс болгон хувааж “утаагүй зуух”, дулаан баригч төхөөрөмж, хагас коксжуулсан нүүрсийг хямд болон хөнгөлөлттэй үнээр иргэдэд өгсөн байна. Жишээ нь 2012-2016 онд 5000 зуух олгожээ. Мөн шахмал түлш үйлдвэрлэх чиглэлээр 2012-2013 онд “Цэвэр агаар сан”-аас 85 сая төгрөгийн дэмжлэг авч Булган аймгийн Бугат сумын нутаг дахь үртсэн шахмал түлш, Орхон аймгийн төвд хагас коксжуулсан нүүрс үйлдвэрлэх үйлдвэрт 70 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
2012-2016 онд 5000 зуух олгожээ. Мөн шахмал түлш үйлдвэрлэх чиглэлээр 2012-2013 онд “Цэвэр агаар сан”-аас 85 сая төгрөгийн дэмжлэг авч Булган аймгийн Бугат сумын нутаг дахь үртсэн шахмал түлш, Орхон аймгийн төвд хагас коксжуулсан нүүрс үйлдвэрлэх үйлдвэрт 70 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Гэвч эдгээр түлшийг хэрэглэх нь бага байсан аж. Үүнээс гадна 2015 онд Баян-Өндөр суманд гэр хорооллын 7 багт “Багануур” ХК-ийн 75 тонн нүүрсийг 3000-5000 төгрөгөөр борлуулжээ. Түүнчлэн Дэнж, Эрдэнэ, Говил, Баянцагаан багийн иргэдэд 2422 ширхэг хоёр тарифт тоолуурыг өөрийн өртгөөс нь 70 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 24900 төгрөгөөр 848 өрхөд олгосон байна. Мөн 1420 ширхэг хийн зуухыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр гэр хорооллынхонд өгчээ.
Агаар бохирдуулагч дараагийн эх үүсвэр нь автомашин. Орхон аймаг дунджаар 14000 автомашинтай. Үүний 153 нь утаа их гаргадаг, ашиглалтын хугацаа дууссан гэх үзүүлэлтээрээ хасагдсан байна. Энэ мэт сүүлийн гурван жилийн хугацаанд төр, захиргааны байгууллагаас хэрэгжүүлсэн ажлыг дурдвал их бий. Гэтэл утаа багассангүй ээ.
Утаанаас ангижрах оновчтой шийдэл хайсаар...
2016 онд шинээр томилогдсон орон нутгийн удирдлагууд Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХК-иас хагас коксжуулсан нүүрсийг хямд үнээр борлууллаа. Нэгдүгээр сарын үзүүлэлтээр түүхий нүүрсний борлуулалт өмнөх жилүүдийнх шигээ тэргүүлжээ. Мөн хоёр тарифт тоолуурыг дахин олгоё гэтэл цахилгааны хүчдэл хүрэхгүй гэж “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК –ийхан мэдэгдлээ. Иймд ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс энэ сарын 10, 11-нд агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийн үзэсгэлэн гаргахаар боллоо. Мөн шинээр байгуулагдаж буй “Шинжлэх ухаан технологийн парк”-ийханд утаанаас ангижрах оновчтой шийдэл гаргахыг Засаг дарга үүрэг болголоо. Мөн нэгдүгээр сарын 11-нд Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг агаарын чанарыг хэмждэг хяналтын гурван постыг шалгажээ. Эхлээд “Агаарын чанарыг хянах нэгдүгээр пост” буюу хотын төвд байрладаг цэгээс 5 төрлийн багаж ашиглан 4 үзүүлэлтээр бохирдлын хэмжээг шалгасан байна. Уг пост нь өглөөнөөс орой хүртэл бохирдлын хэмжээг тодорхойлодог бөгөөд тухайн өглөөний байдлаар хотын төвийн агаар дахь азотын давхар ислийн хэмжээ 0.063 мг.м3, хүхэрлэг хийн агууламж 0.023 мг.м3, том ширхэглэг тоос 0.253 мг.м3 байсан бол нүүрс төрөгчийн дутуу ислийн 2.03 мг.м3 байжээ. Энэ үзүүлэлтийг холбогдох стандарттай харьцуулахад том ширхэглэг тоос 2.2 дахин давсан байна. 2015 онд агаарт агуулагдах азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс 1.7 дахин, 2016 онд 1.4 дахин давжээ.Энэ нь нэгдүгээр сард агаарын бохирдол өндөр байсан гэсэн үг юм.
2015 онд агаарт агуулагдах азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс 1.7 дахин, 2016 онд 1.4 дахин давжээ.
Агаарын бохирдлыг бүрдүүлэгчийн тоонд тоос багтдаг. Эрдэнэт хот бол тоосжилт өндөртэй газар. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, утаа их ялгаруулдаг зуухнаас татгалзаж дэвшилтэд технологийн халаалтуудыг нэвтрүүлэх нь эхний шийдэл гэж ажлын хэсгийхэн үзлээ.
Утаа бизнес биш аюул гэдгийг ойлгох нь чухал
Орхон аймаг жил бүр Булган аймгаас түлшний модны зөвшөөрөл “гуйдаг”. Нэг өрх галдаа хэдэн мод хийх нь Булганаас хамааралтай гэж хэлэхэд хилсдэхгүй. Модгүй, усгүй бас газар нутаг багатай аймгийн хувьд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, иргэдийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх, гэр хороололд тохиромжтой дэд станц байгуулах зэрэг олон арга зам хайсаар. Үүн дотор иргэдийн сэтгэлгээг өөрчлөх нь хамгийн чухал ажил юм. Өөрөөр хэлбэл, дээрх ажлын хэсгийхэн шалгалтаар гэр хорооллоор зорчих зуурт нэгэн иргэн муур шатаахад удаан шаталттай юм билээ гэж хээв нэг ярьсан нь монголчууд ингэтлээ доройтоо юу гэх сэтгэгдэл төрсөнөө нуух юун. Орхон аймаг утаатайгаа сүүлийн тав, зургаан жил эрчимтэй тэмцэж байгаа ч утаагаар бизнес хийж байгаа эрхэмүүдийг төрийн халааснаас эхлээд гаргах нь зүйтэй болов уу. Учир нь 2013 онд орон нутгаас 70 сая төгрөгийн дэмжлэг авч коксжуулсан түлш үйлдвэрлэж байсан компани алдагдалтай ажилласан хэмээн дампуурлаа зарлаж эцэст нь шүүх, цагдаадаа тулаад байна. Орон нутгийн удирдлагууд утааг багасгах гэж иргэдийн зуухыг, түлшийг нь сольж үзлээ. Эхнээс нь орон сууцанд ч оруулж үзлээ. Гэвч утаа суунагласаар. Иймд монгол эрдэмтэддээ итгэх, Монголд тохирсон технологи бүтээх, иргэдээ сэнхрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах л ажил үлдлээ.
Б.Оюун-Эрдэнэ