Гар аргаар "Цас ярагч" хийж ашиглах төлөвлөгөөтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн нийт нутагт битүү цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж аймгийн удирдлагууд ажлын дөрвөн хэсэгт хуваагдан сумдын малчдаар тойрч өвөлжилттэй танилцаж хандив тусламж хүргэн ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, ХХААГ-ын дарга З.Нэргүй нарын хамт Хонгор сумын малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь явж танилцлаа. Тус аймаг нь 1193 малчин өрхийн 324 мянга гаруй толгой малтай. Үүнээс 490 малчин өрх нь Хонгор сумынх юм. Ажлын хэсэг тус сумын хоёрдугаар багийн “Чулуун карьер”, “Дархан Түлээт”, “Бэрхийн ар”, “Ханан”, “Бэрхийн өвөр”, “Хараат”, “Дунд худаг”, “Алтан гадас”, Үр тарианы зургадугаар бригад, “Хар чулуут”, “Гэдгэр”, “Чимэдийн хөндий”, “Төмөр толгой” зэрэг газруудад өвөлжиж байгаа 20 гаруй малчин өрхөөр орж малын тэжээл, хивэг болон эмнэлгийн анхан шатны тусламжийн эм хэрэгсэл бүхий иж бүрдэл, витамин, амин дэм төлийн элгэвч нэмнээ, бээлий, ахуйн хэрэглээний зүйлсийг хүргэж өгөв.
Өнгөрсөн оны намар газрын гарц сайн байсан учир малчид хадлан тэжээлээ ихээхэн нөөцөлж чаджээ. Гэвч “Өнгөрсөн сарын 15-16-ны өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч хүчтэй цасан шуурга болсны улмаас цас хунгарлаж хатуурснаас зарим бог малын шилбэ халцрах тохиолдол гарч байгааг малчид хэлж гар аргаар "Цас ярагч" хийж түүнийгээ машинаар чирч малаа холын бэлчээрт хүргэх төлөвлөгөөтэй байна” гэж Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Д.Эрдэнэбат хэлэв. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Малчдын хувьд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 70 гаруй хувийг малдаа зарцуулсан учраас цаашид өвс тэжээл хомсдох магадлалтай болжээ. Тиймээс Улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгож байгаа өвс, тал хувийн хямдралтай олгож байгаа малын тэжээлийг сумаасаа авах боломжтой” гэв.
Мөн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд малчдад туслах “1000 төгрөг” аяны хүрээнд цугласан хандивуудыг малынх нь тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах өрхүүдэд хүргэнэ гэж ярилаа.
Б.Норовсамбуу