Хонгор, Шарын гол сумын малчдад тусламж хүргэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-02 23:18:48

Дархан-Уул аймгийн нийт нутаг “Цагаан зуд”-ын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулж аймгийн удирдлагууд хөдөөгийн сумдад ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга С.Насанбатын ахалсан ажлын хэсэг Хонгор, Шарын гол сумын алслагдсан малчин өрхөөр орж өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцав. Ажлын хэсгийнхэн малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж зарим шаардлагатай эд зүйлсийн дэмжлэгийг өгч санал хүсэлтийг нь сонслоо. Өмнө нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-21-нд аймгийн удирдлагууд дөрвөн сумынхаа малчин өрхүүдээр явж өвөлжилтийн байдалтай танилцаж зарим тусламжийг хүргэж өгсөн юм. Энэ удаа талчид өнгөрсөн оны 12 дугаар сард Хонгор суманд гарсан малын цэцэг өвчний талаар зарим малчид асууж, хариулт авлаа. Цаашид малчид өөр аймаг сумаас мал авч ирэхгүй байхыг аймгийн ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга н.Оюунтөгс зөвлөв.

Алслагдсан хэсэгт өвөлжиж байгаа малчин өрхүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэр бүр авах боломжгүй учраас энэ удаа аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Түргэн тусламжийн тасгийн эрхлэгч ажлын хэсэгт багтаж малчдад эрүүл мэндийн үзлэг хийж 40 гаруй хүнд зөвлөгөө өглөө. Дараа нь Шарын гол сумын “Шар хөтөл”, “Буянт”, “Нарийн жалга”, “Ар хавчуу”, “Булагтай” зэрэг долоон чиглэлд 54 малчин өрхөөр орж хандивын элгэвч нэмнээ, өвс, тэжээл, нүүрс зэргийг үнэ төлбөргүй тарааж өгсөн юм. Ийнхүү тус ажлын хэсэг хоёр сумын алслагдсан цэгт өвөлжиж байгаа 87 өрхөд нийт 160 боодол өвс, 254 шуудай хивэг, 240 шуудай нүүрс, 200 ширхэг элгэвч, нэмнээг өгсөн бол эмийн сангуудын “Эм холбоо”-ноос хандивласан 15 багц анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм хэрэгслийг гардууллаа.

Мөн энэ сарын тавнаас эхлэж аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын холбогдох мэргэжилтэн, малын эмч нар энэ хоёр сумын малыг вакцинжуулахаар боллоо.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

相关新闻