Монголын оюутны спортын “Универсиад” IV их наадамд 12 төрлөөр өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын Оюутны спортын “Универсиад” IV их наадмыг 2017 онд гурван үе шаттай зохион байгуулна.
Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн дагуу Засгийн газраас дөрвөн жилд нэг удаа хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадам зохион байгуулдаг уламжлалтай.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор Монголын Оюутны спортын “Универсиад” IV их наадмыг зохион байгуулах шийдвэр гарч, БСШУС-ын сайдын тушаалаар “Зохион байгуулах хороо”-г байгуулан анхдугаар хурлаа хийгээд байна.
Оюутны наадмыг спортын үндсэн 10, сонгож оролцох хоёр нийт 12 төрлөөр зохион байгуулахаар нэгдсэн зааврыг баталжээ.
Тус их наадмыг 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион байгуулж байв. Улмаар Монгол Улсын хэмжээнд болон гадаадын 120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй мянган оюутан залуус өрсөлдсөн юм.
Төр засгаас ийнхүү оюутны биеийн тамир, спортод анхааран ажилласны үр дүнд оюутан, залуусын спортоор хичээллэх идэвх нэмэгдэн, тэмцээн, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Мөн дэлхийн оюутны “Универсиад” их наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюутан тамирчдын гаргаж буй спортын амжилт өсч, шилдэг залуу тамирчид төрөн гарч байна.
Ж.Болор