“Хөсөгтөн” хамтлаг АНУ, Канадад язгуур урлагаа сурталчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Аsia`s Got Talent 2015” шоуны дэд байрын шагналт, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг "Хөсөгтөн баг-Дэлхийн тайзнаа 2017" аялан тоглолтоо ирэх сарын 03-наас эхлэн АНУ, Канадын 10 хотоор толилуулахаар болжээ.
Тус хамтлаг язгуур урлагийн охь шим болох хөөмий, морин хуурын гайхамшигт аялгуу, язгуур урлагаа дэлхийд таниулах, үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд мэргэжлийн театрууд, дээд зэрэглэлийн музейд тоглох юм. Тухайлбал, Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын танхим, алдарт “Rubin museum”, Чикаго театрт бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах нь.
Үндэсний өв уламжлал, түүх соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол кино, контентийн албан ёсны www.miye.mn вэб сайтаас уг тоглолтыг санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.
Тоглолтын зохион байгуулалт, зар сурталчилгааг Монгол Улсын ГХЯ, Вашингтон болон Оттава хот дахь Монгол Улсын ЭСЯ, Нью-Йорк хот дахь НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газар,“Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит кино төслийг санаачлан хэрэгжүүлэгч Жон Фуско дэмжин ажиллаж байгаа юм.
Канадын Оттава, Монреал, Торонто, Ванкувер, АНУ-ын Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Сиэтл, Сан Франциско, Лос Анжелос зэрэг хотод суугаа монголчууд болон АНУ, Канадын үзэгчдийг Монгол үндэсний язгуур урлагийн хөг эгшгээр сэтгэл оюунаа хөглөх нэгэн гайхалтай үдшийг гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрөөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Аялан толголт ирэх сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор