“Эх ундарга” ардын урлагийн наадамд 300 гаруй уран бүтээлч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-07 13:28:14

Монгол язгуур урлагийн гайхамшгийг олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий “Эх ундарга” ардын урлагийн их наадам энэ сарын 17-19-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болно.

Энэхүү наадмыг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачилгаар 2012 оноос хойш Монгол түмний их баяр Цагаан сарын өмнө жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Наадамд ардын урлагыг олон улсад сурталчилж буй “Хөсөгтөн”,  “Жонон”,  “Их Монгол”, “Хэмнэл”, “Нүүдэлчид”, “Домог” хамтлаг оролцоно. Мөн 21 лимбэчин, товшуур бүжигчин, уртын дууч, хөөмэйч зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцох юм.

Наадмын Ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн соёрхолт, МУСГЗ  Д.Сосорбарам, хөгжмийн зохиолчоор “Хөсөгтөн” хамтлагын ахлагч Д.Ариунболд нар ажиллаж байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 25000-50000 төгрөг байх  бөгөөд үзэгчид МҮЭСТО-ны касс болон www.ticket.mn цахим хуудсаар захиалах боломжтой.

Үндэсний язгуур урлагаа гадаадад сурталчлах зорилгоор “Эх ундарга” наадмын видео бичлэгийг хилийн чанадад  борлуулдаг байна. Тиймээс наадмыг үзэхээр зорьж буй иргэдийг үндэсний хувцсаар гоёхыг зохион байгуулагчдын зүгээс уриалав.

Э.Энэрэл

相关新闻