Соёлыг гоёл болгосон монгол брэнд
ВИДЕО МЭДЭЭМонгол үндэсний хувцасыг орчин үеийн загварын брэнд болгосон “Монгол костюмс” компани түүхийн музейд тавигдах үзмэрийн хувцасны захиалга авчээ.
Энэтхэг, Солонгос, Вьетнам , Тайланд, Япон , Хятад зэрэг орны бөс даавуу, торго дурдангаар мэргэжлийн өндөр түвшинд урласан монгол үндэсний хувцаснуудаар ихээхэн нэрд гарсан тус компани Америк дахь НҮБ-ын төв байр, Франц дахь ЮНЕСКО-гийн эрхэмсэг харшид загварын амьд содон үзүүлбэрүүдээ үзүүлж монгол үндэстний хувцасыг дэлхийн тавцанд гаргаж ирсэн билээ. Үндэсний хувцас бол гоёл биш соёл гэдгийг мэдрүүлж, соёлоороо гоёхын утгыг орчин үед тунхаглаж байгаа “Монгол костюмс”-ийн үндэсний хувцасны брэнд нь Японы кимоно, Энэтхэгийн сари, Солонгосын хамбу, Манж дээл зэрэг дорно дахины хувцасны өвийн онцгой нэг бүрэлдэхүүн хэсэг болох монгол дээлийг сүүлийн үед дэлхий нийтэд брэнд болгоод байгаа юм.
Оёдлын үйлдвэр, хувцасны салон, номын сан, судалгааны төв, үзүүлбэрийн танхим, үйл урлалын музейтэй “Монгол костюмс” хэмээх цогц бизнесийн төсөл өргөжин тэлж дэлхийн 20 гаруй улсад загварын үзүүлбэрээ гаргасны зэрэгцээ олон улсын фестиваль, төр засгийн томоохон арга хэмжээнүүдэд оролцсоор байна. 2005 онд ОХУ-д болсон “Торгон зам” олон улсын фестивальд оролцон Гран При хүртсэнээр амжилтын гараагаа эхлүүлсэн тэд 2006 онд ХБНГУ-ын Берлин, Штутгард хотноо “Загварын ертөнц-Монгол Улс” үзэсгэлэн гаргаж, АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Арт экспо” олон улсын үзэсгэлэнд загварын коллекцоо толилуулж, ОХУ-ын Москва хотноо болсон “Этно Эрато” олон улсын тэмцээнээс Гран При хүртэж , Францын Парис, Японы Нагоя, Тайваний Тайпей хотод загварын үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ.
2008 онд Америкийн Вашингтонд болсон загварын долоо хоногт Монгол улсаа төлөөлж, Австрийн Вена, Германы Фрайбург хотноо зохиогдсон “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг үндэсний хувцасны үзүүлбэрээрээ чимжээ. Мөн монгол туургатны дунд үндэсний хувцасны олон чухал арга хэмжээ зохион байгуулж Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тувад аялж загваруудаа үзүүлжээ.