Эрчим хүчний салбарт 18 тэрбумын алдагдал хүлээх хүндрэл үүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-07 17:28:08

   Эрчим хүчний яамны харъяа үйлдвэр, компаниуд болон цахилгаан дулаан түгээх, дамжуулах сүлжээ байгууллагын удирдлагууд 2016 – 2017 оны өвлийн их ачааллын ажлаа тайлагналаа.

 Цаг агаар эрс хүйтэрсэн өдрүүдэд шугамын жижиг гэмтэл саатал гарсныг эс тооцвол энэ өвөл элдэв хүндрэлгүй, горим ажиллагаа хэвийн байсан хэмээн албаныхан мэдээлэв. Мөн гэр хорооллын шөнийн тариф тэглэсэн ч, цахилгааны ачааллын хувьд хэрэглээний өсөлт төдийлөн нэмэгдээгүйг шуурхай хуралдаанаар хөндлөө.

Шуурхай хуралдаанаар 2017 онд Сэргээгдэх эрчим хүчний байгууламж, эх үүсвэрүүд нэмэгдэж буйгаас үнэ тарифын тухайд тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцлов.

Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон валютын ханшны зөрүү зэргээс үүдэн тус салбар энэ онд 18 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх хүндрэл үүсээд байгаа аж. Иймд сэргээгдэх эрчим хүчний компаниудын гэрээний нөхцлийг өөрчилж, хуулинд өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг Эрчим хүчний зохицуулах хороонд үүрэг болголоо. Мөн эдийн засаг хүнд байгаатай холбоотой станц, үйлдвэр байгууллагууд үр ашиггүй зардал гаргахаас татгалзаж, өөрсдийн нөөц боломждоо суурилан засвар үйлчилгээний ажлаа эртнээс хийж гүйцэтгэхийг анхааруулсан юм. Мөн хурлаар сар шинийн үеэр эрчим хүчний ажиллагааг тогтвортой, тасалдалгүй хангаж ажиллахыг салбарын сайд үүрэг болгов.

 Б.Заяа 

相关新闻