Халуун хайрын түүхийг “Төгсгөлгүй танго" балетаар илэрхийлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГХайр дурлалын мөнхийн илэрхийлэл танго болоод сонгодог бүжгийн нийлэмж "Төгсгөлгүй танго" балет энэ сарын 12-нд УДБЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
Уг бүжгэн жүжиг нь 2014 онд СТА, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргалын найруулгаар тус театрын тайзнаа анх амилж байсан юм. Түүнээс хойш жил бүр Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан хосууддаа зориулан тоглох болсон билээ.
Цомнолыг СТА Ч.Мөнхзул бичиж, ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар ажиллан өнөөгийн хотын өнгө төрхийг харуулсан сонирхолтой тайз заслыг бий болгожээ. Балетын удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд ажилласан юм.
Танго нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын илэрхийлэл болдог бүжиг бөгөөд залуусын сэтгэлийг татах цоглог хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнийг агуулдаг. Тиймээс танго бүжгийн элементийг сонгодог балетын онцлогтой нийцүүлэн өвөрмөц тавилт бүхий бүтээл туурвисан нь урын сангийн хувьд цоо шинэ бүтээл болохын зэрэгцээ залуу үеийнхнийг сонгодог урлагт дуртай болгох, цаашид өвөрмөц шийдэлтэй уран бүтээл хийхийн эхлэл болсон гэж урлаг судлаачид үздэг.
Бүжгэн жүжгийн үйл явдал их хотын урлагийн гудамжнаас эхлэх бөгөөд гол дүрүүд нь урлагийн гудамжинд анх биесээ олж харсан бүжигчин залуу Галт, үзэсгэлэнт бүсгүй Сүндэр нар юм. Тэдний гал халуун, ээдрээт дурлалын түүхийг танго болон сонгодог балетын төгс нийлэмжээр харуулжээ.
Ж.Болор