Дуучин Ш.Хүрэлбаатар 247 хүнд шинэ цомгоо бэлэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Ш.Хүрэлбаатар Гэгээн хайрын баярын өдөр буюу энэ сарын 14-нд Аса циркт “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна.
Тэрээр анх МУСГЗ, хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?”, “NEW STARS” улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 15 дуучны нэгээр шалгарснаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
Тэрээр анхны бие даасан цомгоо яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, хөгжмийн продюссер П.Гэрэлт-Одын аялгуу “Миний дурласан бүсгүй” хэмээх дуугаараа нэрлэсэн бөгөөд “Би дурлана”, Чам руу”, “Дурлал” зэрэг нийт 12 дуу багтсан байна.
Тоглолтод урилгаар МУСТА, дуучин Б.Баярцэцэг, “Салхи” хамтлаг, хайрын дууч О.Анхбаяр, Б.Халиун нар оролцох юм. Тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 247 хүнд шинэ цомгоо бэлэглэн, азтай нэг хосыг Улаан-Үд, Итгэлт хамбад үнэгүй аялах эрхийн бичгээр шагнах аж. Тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх болон Циркийн билетийн кассаас худалдан авах боломжтой.
Цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал энэ сарын 10-ны баасан гарагт “Hi-Fi records”-ийн төв салбарт болно. Мөн цомгийн нээлтэд ирсэн эхний 50 хүнд цомгоо үнэгүй бэлэглэх юм.
Ж.Болор