Түүх соёлын үнэт өвүүд олны хүртээл болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Музей, сургалт, сурталчилгааны төвөөс “Дорнын говийн соёл, түүх, уламжлал” сэдэвт үзэсэлэнг энэ оны хоёрдугаар сарын 13-нд үзмэрийн танхимдаа дэлгэлээ.
Музейн ажилтнууд говь нутгийн түүх, соёлын үнэт өвийг ард иргэд, жуулчин, зочин гийчдэд сурталчлан таниулах үүднээс үзмэрийн танхимаа шинэчилж, түүх соёл, ёс заншил, угсаатны зүй, хүн зоны аж амьдрал, хөгжил дэвшил, түүхийг харуулсан шинэ, сонин содон үзмэрүүдээр үзэсгэлэнгээ баяжуулсан байна.
Музейн 5500 гаруй үзмэрийн 20 гаруй хувийг нь үзмэрийн зургаан танхимд хуваан дэглэсэн төдийгүй шинээр Сайншанд хотын түүх болон угсаатны зүйн томоохон эд өлгийн зүйлсийг багтаасан хоёр буланг дэглэж, Монголын түүхийн он дараалалд оруулсан аж.
Онцлог үзмэрээс сонирхуулахад Даланжаргалан сумын Ихнартын бургастай амнаас олдсон 13 дугаар зууны үеийн язгууртан хатны хатмал шарил, шарилыг тойрсон эд өлгийн зүйлс, уран гоёмсог хийцтэй дээл зэргийг дэлгэсэн бол Чингис хааны төрийн их шүтээн Цагаан сүлд, Дэлгэрэх сумын нэр бүхий урчуудын бүтээсэн ногоон дарь эх, Богд хаант монгол Улсын түүхэнд холбогдох үнэт баримтууд, төрөл бүрийн үнэт хөөрөг, морин хуур зэрэг үзмэрийг дэлгэжээ.
Үзэсгэлэнг байнгын олны хүртээл болгох юм байна. Дашрамд дурдахад тус музейн 20 гаруй хувь нь үзмэрийн танхимд дэлгэгдсэн байдаг бол үлдсэн 80 орчим хувь нь сан хөмрөгт хадгалагддаг аж.
Эдгээр нь тодорхой хугацаанд, тухайлсан утга агуулгын дагуу ээлжлэн түр үзэсгэлэнгээр олны хүртээл болж байдаг байна.
Музейн сан хөмрөгийг бүрдүүлж буй нийт үзмэрүүд нь Дорноговь аймгийн 14 сумын байгаль газар нутаг, үүсэл гарвал, үүх түүхэнд холбогдох зүйлс юм.
Х.Эрдэнэбулган