Монгол ур ухаан, урлалын давтагдашгүй гайхамшгийг Энэтхэг улсад сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2017-02-13 17:04:48

Бүгд найрамдах Энэтхэг улсын /БНЭУ/ Харяана мужийн Суражкунд тосгонд "Олон улсын гар урлалын фестиваль-2017" энэ сарын 1-15-нд зохион байгуулж байна.

“Ганга мөрний эрэг дээрх Египет” сэдвийн дор болж буй уг үзэсгэлэнд Египет улс анх удаа хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм. 31 дэх жилдээ болж буй уг үзэсгэлэнд нийт 20 орноос төлөөлөгчид оролцож өөр өөрийн орны уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагийн дотор Нүүдэлчин удамт Монголчуудын соёлын өв болсон ур ухаан, урлалын илэрхийлэл зүүх ороох хатгамал, Зоос ширээний сүлжмэл, уран зангилаа, торгон зураг, уран дарханы бүтээлийг дэлгэн үзүүлж буй нь өөрийн эрхгүй сонирхол татаж байв.

 

Эртний Египетийг санагдуулам засал чимэглэлтэй, өнгө будаг алаглаж, дуу хөгжим эгшиглэсэн үзэсгэлэн фестивалийн гол хаалганаас ердөө 200 орчим метрийн зайтай, төв гудам дагуу “Mongolia” пайз бүхий нүүдэлчин монголчуудын гар урлалын бүтээлүүд байрлаж байв.

Олноос онцгойрч харагдах төрсөн нутгийнхаа үзэсгэлэнг зорин очиход монголчуудын гар урлалын агуу соёлыг илтгэсэн уран зангилаа, хатгамал, арьс шир, эсгий урлал, торгон зураг, Зоос ширээний сүлжмэл, уран дарханы бүтээл зэрэг олон гайхамшигт бүтээл угтсан юм. Цаанаа л дотно сэтгэл төрүүлэх Монгол эд өлгийн зүйлсийг ийнхүү олон улсад танилцуулахаар зургаан оролцогч 10 гаруй нэр төрлийн урлал, бүтээлээ тээн иржээ. 

Оролцогчдыг ахлан ирсэн Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын уран хатгамалч З.Цэнгэлсайхан "Зүү ороох хатгамал бол Монгол хүний ур ухаанаар бүтсэн гайхамшигт уламжлал. Монгол хатан ухааны гарал үүсэл уран хатгамлаас үүсэлтэй. Дан болон давхар, хөөмөлтэй гэсэн гурван төрөлтэй зүү ороох хатгамлаар монголчууд эрт үеэс гоёл чимэглэлээ бэлтгэж, хөөргөний даалингаа урлаж ирсэн. Загасан нуруу хатгах хатгамал, зоос ширээт сүлжмэл Монгол хүний жинхэнэ ур ухаанаар бүтдэг. Энэ урлалаас Монгол хүний ухаан төрж, төлөвшиж ирсэн учраас дархан хүн бурхан ухаантай гэж ярилцдаг. Тийм ч учраас бүсгүй хүнийг уран байхыг монголчууд үеийн үед чухалчилж ирсэн” хэмээн хуучилж байв. 

2005 онд байгуулагдсан “Эгнэшгүй санаа” төв өнгөрөгч нэгдүгээр сард “Богд хааны ордон музей”-д Монгол хатгамалын үзэсгэлэнг дэлгэсэн. Тус төвөөс санаачлан Монгол хүний оюун ухаанаар бүтсэн зүү ороох хатгамалыг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэх зорилгоор 2010 онд ЮНЕСКО-д холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн. Энэ үйл явцыг түргэтгэх зорилгоор дэлхийн хамгийн том даалинг бүтээж эхэлсэн бөгөөд Энэтхэг улсад тээн авч ирсэн байлаа. Богд хааны эдэлж байсан хүндэтгэлийн даалинг дөрөв дахин томруулж хамгийн олон дагнаасаар,  олон хүний сэтгэл шингээн бүтээхээр эхлүүлсэн даалинг З.Цэнгэлсайхан Далай багшаар аравнайлуулж, авшиг хүртээснээ ихэд бэлгэшээж байлаа. 

Даалин урлах үйлст гар бие оролцож буй Завхан аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгч, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Дуламсүрэн З.Цэнгэлсайхан багшаасаа суралцаж, дахин өөрөөсөө шавь төрүүлэн зүү ороох хатгамлыг өргөжүүлж, өвлүүлэхээр зорьж яваагаа ч дуулгав. Тэрбээр “Монгол бүсгүй хүн бүр уран байж, эр нөхрийнхөө, эцэг өвгөдийнхөө даалинг урладаг тэр ур ухааныг өвлөөсэй гэж хүсдэг” хэмээсэн юм.  

Богд хааны үеэс эхтэй Зоос ширээний сүлжмэл хэмээх Монголын гар урлалын нэгэн сор хэрэгсэл өдгөө мартагдах хэмжээнд хүрээд байгаа. Харин энэхүү хосгүй ур ухааныг Энэтхэг улсад “Эгнэшгүй санаа” төвийн менежер Ц.Батбуян тээн ирж, сурталчилж байв. Зоос ширээний сүлжмэлээр 4-32 хүртэл утсаар өргөн нарийн тууз сүлжиж, чимэглэлд ашигладаг байсан, хөөргөний даалин эмжих туузыг үүгээр сүлжиж, бусад олон чимэглэлд ч ашигладаг уламжлалтай” хэмээн тэрбээр тайлбарлаж байв.

Түүний нөхөр энэхүү урлалд гол үүрэг гүйцэтгэх Зоос ширээг бүтээдэг аж. Зоос нь хүндрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хоёр өнгийн дагнаас болон олон төрлийн хээтэй туузыг гэзэг сүлжих адилаар нямбайлан бэлтгэдаг. Тэрбээр энэ урлалыг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ном туурвиж хэвлүүлсэн бөгөөд 2005 оны Францын нийслэл Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд болсон Төв Азийн урлагийн фестивальд танилцуулж, “Соёлын биет бус өв эзэмшигч” батламжийг хүртжээ. Өнөөдөр энэ урлалаар өргөн утас ашиглан охид бүсгүйчүүдийн гоёл, бугуйвч, зүүлт, бүс тэргүүтнийг урлаж байгаа аж.     

Нүүдэлчин Монголчуудын гар урлалын бас нэгэн онцлог, гайхшруулан танилцуулах зүйл бол уран зангилаа. Бидний өвөг дээдэс хэдэн арван төрлийн уран зангилааг хурдан шаламгай хийж, ахуй амьдралдаа хэрэглэдэг байсан. Өдгөө мөн л морь малын чөдөр ногт зангидах, дээлийн сампин зангидах төдийхнөөр хумигдаад буй уран зангилааг Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн технологийн багш Б.Энхжаргал Энэтхэг улсад тээн ирж, гадныханд “гайхуулж” байв. Тэрбээр “Монголчууд уяа зангилааны агуу их мэдлэгтэй, урлагтай орон. Уран зангилаа нь оньсон тоглоом адил хүний сэтгэхүй хөгжүүлдэг.  Гэтэл гоёлын зангилаа үндсэндээ мартагдаж үгүй болоход дөхөөд байгаа. Миний хувьд 2000 оноос хойш уран зангилааг судалж, гадны улс орны бус зөвхөн Монгол эх сурвалжаас сэргээн таниулахаар зорьж байгаа. Олон жилийн судалгааны явцад Уйгаржин монгол бичиг нь уяа зангилаатайгаа холбоотой мэт сэтгэгдэл төрсөн учир монгол бичгээ зангилаагаар илэрхийлэх санаа олж хэрэгжүүлж байна” гэсэн юм.

Б.Энхжаргал багш уран зангилааг соёлын өвд тооцож, үр хойчдоо өвлүүлэхийн тулд үнэ төлбөргүй зааж сургадаг гэдгээ ч  хэлж байв. “Монголын соёлын өвийг тээж, өвлүүлж үлдээхийн тулд мөнгөөр хэмжиж болохгүй” гэсэн нь сэтгэлд өөрийн эрхгүй талархал төрүүлж байсан юм.

Монгол ур ухаан, гар урлалын бүтээлүүд ур хийц, нягт нарийн чамбай, чимхлүүр ажил, гүйцэтгэлээр бусад улс орноос ялгарч байдгийг З.Цэнгэлсайхан багш энэ үеэр онцолсон. Үүнийг ч гэрчлэх мэт монголчуудын ур ухааныг илтгэсэн бүтээлийг үзэсгэлэнд оролцогчид маш өндөр сэтгэгдэлтэй үзэж сонирхож байв. Хэсэгхэн саатах хугацаанд монголчууд бидний балчир үрсийнхээ зүүдийг манахаар өлгөдөг эсгий үнэг бүхий уран зангилаат бүтээлийг хэд хэдэн хүн ихэд сонирхон худалдаж авав. Мөн нэгэн төвд залуу монгол хэлээр “Амар сайн байна уу” хэмээн мэндчилсээр ирж, үзэсгэлэнд оролцож буй уран дархан И.Алтантулгын хаш чулуун хийц бүхий мөнгөн эмжээртэй аягыг ихэд онцгойлон сонирхсон. Үүгээр зогсохгүй эсгийгээр хийсэн ишиг, хурган тоглоом, алгын чинээ алтадмал морин хуур, гар урлалын бүтээл болох сүлжмэл хүзүүний зүүлт, бугуйвч, монгол хүүхдүүдийн уран зураг бүхий түлхүүрийн оосор гээд олон зүйлийг худалдаж авч байлаа. Монгол бүтээл аргагүй онцгойрч байгааг харж зогсоход өөрийн эрхгүй нүүдэлчин удмынхаа ур ухаанаар бахархах сэтгэгдэл төрж байлаа.  

Үзэсгэлэнгийн эхний өдрүүдэд оролцогчид маань үндэсний хувцсаараа гоёсон нь олон оролцогчийн сонирхол, таашаалыг татаж, зураг хөргөө татуулж, амьд үзэсгэлэн болсон тухайгаа манай оролцогчид сэтгэл дүүрэн хуучилсан. Мөн манай төлөөлөгчдийг Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд хүлээн авч, Консул Л.Батсуурь нар тусалж дэмжсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

"Суражкунд олон улсын гар урлалын Фестиваль"

Н.Гантуяа

Энэтхэг улс, Дэли хот

相关新闻