Дэлхийд өөр хаа ч байхгүй YIII-IX зууны нуман ятга үзэгчдийн мэлмийг мялаав
МОНГОЛЫН МЭДЭЭХүннүгийн үеийн үрлэн чимэгтэй алтан ээмэг, Сяньбигийн үеийн модон сийлбэр, хүрэл толь, Киданы үеийн модон аяга гээд нүд хужирлахаар эртний эдлэлийг “Шинэ үзмэрийн дээжис-4” үзэсгэлэнгээс үзэж болохоор байна.
Монголын Үндэсний музей гурван жил тутамд зохион байгуулдаг дээрх үзэсгэлэнд түүх, археологи, угсаатны зүйн холбоотой 1800 орчим үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрийг дэлгэжээ.
2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан байна. Үзэсгэлэнгээс Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн нуман ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө зэргийг дэглэсэн нь сонирхол татаж байв.
Мөн хүрэл зэвсгийн үеийн онго, хүрэл зүү, загасны хайрсаар хийсэн аяга, бүсний мөнгөн чимэг, найман тахилаар чимэглэсэн мөнгөн эдлэл, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас, өмсгөл зэргийг онцлох үзмэрт тавьжээ.
Тус үзэсгэлэнд VIII-IX зуунд хамаарах нуман ятга, XIII-XIV зуунд холбогдох цэрэг дээлээс гадна Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрханы хадны оршуулгаас олдсон ятга хөгжмийн эх бие, царан дээр зургаан буга, янгир, таван нохой сийлсэн үзмэрийг төв хэсэгт нь байршуулжээ. Гол үзмэр болох ятга хөгжим дээр “руни” бичгээр “яаялиг” буюу аялгуут болон “Чүрэ” хэмээх эзний нэр зэргийг багтаасан нийт 64 тэмдэглээг бичсэнээрээ онцлогтой юм.
Тус музейн захирал Д.Сүхбаатар ярихдаа, “Монголчууд нүүдэлчдийн сонгодог мал аж ахуй, соёл уламжлалын өвийг тээж, өвөрмөц соёл иргэншлийг цогцлоон бүтээсэн. Олон мянган жил бий болсон энэхүү соёлын өвийг хадгалж хамгаалах, судалж, сурталчлах хүндтэй үүргийг Монголын Үндэсний музей хүлээсэн. Тус музей жил бүр олон улсын хамтарсан төсөл болон музейн бие даасан археологи, угсаатны зүйн хээрийн шинжилгээний ангийг ажиллуулсны үр дүнд чамгүй олон олдвор, үзмэртэй боллоо. Тухайлбал 2014 онд МУИС-ийн багш, доктор, дэд профессор У.Эрдэнэбатын бэлэглэсэн цэрэг дээл энд байна. Энэхүү дээл нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг бэлгэ Шүүтийн хадны оршуулгаас олдсон юм. Бүдүүн нэхээстэй өрмөг даавуугаар өнгөлсөн, зөв ташуу энгэртэй, бүсэлхийгээрээ олон хуниастай, ханцуйны дээд хэсэгт тусгай хагархайтай, үсийг дотогш харуулж зүйж оёсон нэхий дотортой өвлийн дээл юм. Мөн монголын хамгийн өндөр хүн буюу 2 метр 45 см тамирчин Д.Рагчаа агсны дээл, өмсгөл зэргийг гэр бүлийнхэн нь бэлэглэсэн. Энэ мэтчилэн түүх соёлын дурсгалт зүйлсээр манай сан хөмрөг арвижсаар байна” гэв.
Сүүлийн үед иргэд хувь хүний түүхэн холбогдолтой эд зүйлсийг музейд өгч хадгалуулах хандлага нэмэгдсэн байна.
Сарын турш үргэлжлэх эл үзэсгэлэн үнэ төлбөргүй олны хүртээл болох юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал