Явган хүн болон дугуйн замын сүлжээг өргөтгөн чанар, хүртээмжийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-01 14:50:59

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.


Энэ хүрээнд тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулж, өнөөдөр тайлангийн хурал хийлээ. Тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын туршлага, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон цаашдын төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцэв. НЗДТГ, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” боловсруулах зөвлөх үйлчилгээг Японы “Алмек” корпорац болон “Си Ти Ай инженеринг интернэйшнл” хамтран үзүүлжээ. Мөн уг стратегийг боловсруулахад Япон, Франц, Филиппин, Монголын 18 мэргэжилтэн оролцсон байна.


Тайлангийн хурлын үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид өдийг хүртэл Улаанбаатар хотын анхны төлөвлөлт болох 600 мянган иргэнд зориулсан хотын төлөвлөлтийн стратегийг баримтлан ирсэн. Хэдийгээр энэ хугацаанд хэд хэдэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловруулсан ч төлөвлөлтөө бодитоор хэрэгжүүлж чадаагүй учраас өнөөдөр хүндээ ээлгүй хотыг хамтдаа бүтээжээ. Ийнхүү хүндээ ээлтэй, хүртээмжтэй ногоон хотыг бүтээх стратегийг хэрэгжүүлэх эхлэл өнөөдөр тавигдаж байгаад баяртай байна” гэв.



Тэгвэл Японы “Алмек” корпорацын ахлах зөвлөх, төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ Олон улсын сайн туршлагуудаас санаа авч Улаанбаатар хотод хэрэгжүүлж болох дүн шинжилгээний дүгнэлтээ танилцуулах илтгэлд “Урт хугацаанд тогтвортой шийдэл эрэлхийлэх, алхахад таатай орчныг сайжруулах, хот байгуулалтын бодлого, холбогдох төлөвлөгөөг хийх, багтаамж ихтэй нийтийн тээвэр, ачааны машиныг нэмэгдүүлэх ёстой” хэмээн дурдлаа.




Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийн урт хугацааны алсын харааг хүртээмжтэй байдлыг хангах, байгальд ээлтэй, тогтвортой байдлын стратеги гэж гурав хуваажээ. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд тасалбарын нэгдсэн худалдаа, тээврийн олон төрлийн байгууламж, автобусны зогсоол сайжруулах, захиалгат тээврийн үйлчилгээг нэмэх юм байна. Мөн явган хүний болон дугуйн замын сүлжээг өргөтгөн, чанар, хүртээмжийг нэмэх аргаар нийтийн эрүүл мэндийг сайжруулах аж.




Түүнчлэн ус зайлуулах системийн менежментийг сайжруулж, газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэх систем нэвтрүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлт болон гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна нийтийн тээвэртэй уялдуулан авто замын орон зайн зохистой хуваарилалт, хамтран дундаа ашиглах зорчилт хөдөлгөөний боломжийг дэмжих зэрэг үр ашигтай олон төрлийн тээврийн хэрэглээг ашиглах иргэдийн зан үйлийн өөрчлөлтийг дэмжихийн сацуу нийтийн тээврийн дэд бүтэц, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажилтай уялдуулсан авто замын сүлжээний сайжруулалт, идэвхтэй тээврийн дэд бүтэц, ногоон байгууламж болон орчны тохижилтын хамтаар иж бүрэн гудамж бий болгох болгох зорилт дэвшүүлжээ.

Мэдээг бэлтгэсэн Ө.Амгаланзаяа





 

相关新闻