Санхүүгийн зөрчил илэрснийг эргэн төлүүлэхээр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хэлтсээс Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуульд 2015-аас 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад Даланжаргалан сумын сургуульд 3146195 төгрөгийн зөрчил буйг тогтоож 2.831.728 төгрөгийг орон нутгийн төсөвт, 13822 төгрөгийг нийгмийн даатгалын санд, 300645 төгрөгийг эргүүлж олгуулахаар улсын ахлах байцаагчийн найм, улсын байцаагчийн хоёр, нийт 10 акт тогтоож, цаашид авах арга хэмжээний 15 заалт бүхий саналыг хүргүүлсэн аж.
Харин Замын –Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд хийсэн шалгалтаар нийт 44.749.136 төгрөгийн алдаа зөрчил илэрснийг тогтоож 38.355.826 төгрөгийг орон нутгийн төсөвт төлүүлэхээр болов.
Мөн 233.310 төгрөгийг тухайн байгууллагын дансанд төлүүлэхээр, 6.160.600 төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлд тусгуулахаар албан шаардлага хүргүүлсэн аж.
Шалгалтыг холбогдох хуулийн зүйл заалт болон аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 01-нийг дуустал зохион байгуулсан байна.
Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгийг хууль зөрчиж зарцуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг танил тохой татаж олгох, чанаргүй зээл олгох, санхүүгийн сахилга батыг хангахгүй байдал орон нутагт нийтлэг болоод байгааг албаныхан хэллээ.
Х.Эрдэнэбулган