Жижиг, дунд бизнес эрхлэгчид инкубатор компаниудтай хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-16 14:35:30

Мэдээлэл технологийн үндэсний паркад жижиг, дунд бизнес эрхлэгчид болон инкубатор компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалт, өдөрлөг боллоо.

Инкубатор бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг ярихдаа,“Өнөөгийн эрин зуунд мэдээллийн технологигүй бол бизнес амжилттай явуулах боломжгүй болсон. Интернетийн хөгжлийг ашиглан жижиг компаниуд үйл ажиллагаагаа эх орондоо сурталчилахаас гадна, олон улсад таниулах боломжтой. Гэвч манай компаниуд мэдээлэл дутмаг байгаагаас мэргэжлийн биш хүнээр үхмэл вэб хуудас хийлгүүлдэг. Иймээс “Аравт” нэгдэлтэй хамтран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн цахим ертөнцийн тухай мэдээллийг нэмэгдүүлж, мэдээллийн технологийн компаниудтай танилцуулан, хамтын ажиллагааг нь дэмжих зорилгоор эл уулзалтыг зохион байгуулсан. Цаашдаа бид Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газартай хамтран эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа компаниудыг вэб хуудастай болгохоор төлөвлөж байгаа” гэв.

“Аравт” бизнесийн нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Болдбаатар,“Жижиг, дунд бизнес эрхлэгчи мэдээллээ бие биенээсээ нууж, хаалттай байдаг байсан. Аравт бизнесийн нэгдэл нь хоорондоо хамтран ажиллаж, туршлага солилцдог жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдэл юм. Манай нэгдэл 2013 онд байгуулагдаж, одоо 36 компанийг нэгтгээд байна. Үйл ажиллагаагаа дөнгөж шинээр эхэлж байгаа компаниуд үйл ажиллагаагаа сурталчилахад телевиз, сонинд рекламны үнэ хэтэрхий өндөр байдгаас санхүүгийн хүндрэл үүсдэг байв. Өнөөдрийн уулзалтаар цахим ертөнцийг ашиглан үйл ажиллагаагаа сурталчилан, бизнесээ өргөжүүлэх гарцыг бид эрэлхийлж байна” гэв.

М.Аминаа

相关新闻