"Хурд" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг Айраг сум дахь Цагдаагийн тасаг, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо дахь Цагдаагийн тасагтай хамтран "Хурд" хэсэгчилсэн арга хэмжээг мянганы замын босоо тэнхлэгийн замд зохион байгуулж байна.
Шинэ он гарснаас хойш Дорноговь аймгийн нутагт багтдаг босоо тэнхлэгийн авто замд авто тээврийн хэрэгсэл ашиглалтын аюулгүй байдлын хэрэг зургаан удаа гарч хоёр хүн амь насаа алдаж, долоон хүн гэмтэж бэртжээ.
“Жолооч нарыг орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын 01-нээс цагаан сарыг дуустал энэ арга хэмжээг зохион байгуулж буй” хэмээн тус аймаг дахь Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Батбаяр ярив.
Дорноговь аймгийн Замын Цагдаагийн хамт олонд хурд хэмжигч багаж, төхөөрөмж байдаггүй тул Говьсүмбэр аймгийн замын цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд ашигладаг хурд хэмжигч багажийг хамтран хэрэглэж байгаа аж.
Цагдаагийн албаныхан тус багажийг албан хэрэгцээндээ авах хүсэлтээ холбогдох албаныхандаа гаргасан боловч нэг ширхэг нь долоогоос найман сая төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг одоог хүртэл ашиглаж амжаагүй байна.
Дашрамд дурдахад Засгийн газрын тогтоолын дагуу 150 км газарт нэг авто тээврийн пост ажиллах журамтай ч Дорноговь аймагт одоог хүртэл албан ёсны олон талт үйлчилгээ үзүүлэх байнгын пост алга.
Тиймээс энэ жил цагдаагийн байгууллагын саналыг үндэслэж орон нутгаас 70 гаруй сая төгрөг шийдвэрлэн,Сайншанд сумын хойно байрлах гурван замын уулзвар орчимд “Иргэдэд үйлчлэх төв” нэртэй татвар, онцгой байдал, авто тээврийн зэрэг цогц үйлчилгээг нэвтрүүлсэн байнгын постыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Байнгын пост ашиглалтад орсноор босоо тэнхлэгийн авто замын авто тээврийн хөдөлгөөнийг хянаж, осол гэмтлээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтой болох аж.
Х.Эрдэнэбулган