Д.Мядагмаа: Малч ухаан, өв соёлоо уламжлуулж үлдээх юмсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /Монцамэ/ Монгол Улсын аварга малчин Д.Мядагмаатай хөөрөлдлөө. Тэрээр 40 гаруй жил мал аж ахуйн салбарт ажил хөдөлмөрөө зориулсан туршлагатай малчин төдийгүй орчин цагт ховордоод байгаа уламжлалт мал маллах арга ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёл зан заншлаа хэвээр нь авч үлдэхийн төлөө сэтгэлээ чилээж явдаг манай ахмад буурлуудын нэг юм.
- Ажил хөдөлмөрийн тэргүүн эгнээнд манлайлж явсан таны залуу насны тухай сонсоё гэж бодлоо?
- Аав, эжий минь удам дамжсан малчид. Манай дээдсүүд Сайхандулаан сумын гаралтай юм. Би 16 наснаасаа эхлэн аав, эжийгээ даган мал маллаж, тухайн үед “Улирлын сургууль” гээч сургалтыг дүүргэж долдугаар ангийн боловсрол олж авсан юмдаг.
Малаа сайн малласан гэж 1973 онд нам засгаас намайг шалгаруулж /хуучнаар ЗХУ-ын нийслэл/ Москва, Львов, Чехсловак зэрэг улсаар 45 хоног аялж байлаа. Тухайн үед нам засгаас гадаадад хэнийг явуулахыг сайтар тодорхойлдог байсан байх. Би гурван удаа сумын аварга малчин, дараа нь аймгийн аварга малчин, 1991 онд Улсын аварга малчин болж байсан.
- Тэр үед хувь хүний хөдөлмөрхийг хэрхэн үнэлдэг байсан бол?
- Ажлыг чин сэтгэлээсээ үнэнчээр хийж чадвал алдар ойрхон байсан. Үйлдвэрлэлийн даалгавар гэж айхтар зорилт бий. Дааж авсан хээлтэгч малаасаа төлийг 100, 110, 120 хувь давуулан биелүүлнэ. Нэгдлийн 200, 300 гаруй хонь ямаанаас 220, 320 орчим хурга, ишиг төллүүлнэ. Дээрээс нь ноос, ноолуур бэлтгэх, малаа тарга хүч авахуулах гээд л зөвхөн мал маллахад их ажил бий.
-Таныг дагаад үр хүүхдүүд ач зээ нар малд нүдтэй болж байгаа байх?
-Би зургаан хүүхэд төрүүлсэн. Тав нь нутаг орондоо мал маллаж амьдарч байна. Бага охин гадаадад сургууль төгсөөд саяхан эх орондоо ирлээ. Охиныхоо буянаар Америк гэх оронд хоёр ч удаа хөл тавьсан. Манай хүүхдүүд сум, аймгийн аварга, мянгат малчид боллоо. Мал дагавал ам тосдоно гэдэг энэ.
-Мал сүргээ уламжлалт аргаар маллах, малыг хайрлах, эв дүй гаргаж адгуулах гээд өвгөдөөс уламжилж ирсэн олон жилийн өв соёлоо өсвөр залуу үеийнхэн маань хэрхэн оюун ухаандаа тээж авч явж байна?
-Малтай аль болохоор зөөлөн, эвээр харьцаж, бэлчээр усыг нь тааруулах, тарга хүчийг нь авахуулах нь хамгийн чухал ажил байдаг. Дээдсээс уламжилж ирсэн зан заншил, өв соёлоо гээчихэлгүй бүтнээр нь авч үлдэх тал дээр залууст хэлж сургах л юм.
Миний залуу байх үетэй одоогийн нийгмийг харьцуулашгүй өөр болчихсон. Бид тэмээ малаа унаад малаа адгуулдаг байсан бол одоо машин, мотоциклиор малаа эргүүлсэн болж өдрийг өнгөрүүлж байна. Тийм учраас малч ухаан, монгол соёл заншил биднээс хойш тасарчих вий дээ гэж эмээдэг.
“Хүүе аяар, зөөлөн эргүүл, ширүүхэн хөөж тууж болохгүй" гээд л хэлэх юм. Хэлсэн үгийг өлгөөд авдаг ухаантай хүүхдүүд ч ховордож. Өнөөгийн малчин техникжээд адуу, тэмээн дунд нь бариад уначихаар номхон, унаа даадаг нь ховор болж. Харин морь уядаг хүмүүст хонины ч юм уу, аль эсвэл хурдан морь хөтлөх ганц нэг морь уяан дээр харагдах юм. Биднийг бага байхад мал эрхлүүлнэ гэж жигтэйхэн.
Эрхлүүлэх тусам мал уян зөөлөн болдогсон. Одоо мал эрхлүүлж байгаа хүүхдийг би олж харахгүй удлаа. Малд хатуу, хайнга ханддаг болсноор мал ихээхэн догширч байна.Тэмээ нуруу ачих уламжлал бүр ч үгүй боллоо. Одооны хүүхэд зурагт харсан, гар утсаар тоглосон, машин техник сонирхсон, төв рүү тэмүүлдэг болжээ. Энэ бол Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад тийм ч тустай зүйл биш. Монгол Улс чинь мал аж ахуйн орон гэдэг биз дээ.
Техник элбэгших нь ажил хөнгөлөөд зүгээр гэдэг ч эх болсон байгаль дэлхийг сүйтгэж, хүнийг залхууд сургаж байгаа юм. Малаа малч ухаанаар маллах бус дөнгөн данган хариулаад л бизнесийн нүдээр малаа харах нь ихэслээ.
Наад зах нь малчин хүн хотондоо байгаа малынхаа өнгө зүс, тарга хүчийг тааруулах, малаа харж баясаж байхын оронд “За үүнийг махалчихвал тэдэн саяыг олох юм байна” гэж ашиг хонжооны нүдээр хардаг болчихож. Одоо малын чанар муудаж, малч хүн ховорджээ.
- Таны хэлсэн үгийг залуус хэр тусгаж авч байх юм?
- Зарим нэг залууст “Малтай зөв харьц” гэж хэлэхлээр “Энэ хөгшин зөнөчихөөд юу гээд байна” гэсэн шиг тун ёозгүй харахыг нь яана. Малын буян заяа гомдох вий дээ. Бид “Энэ ботго насанд хүрээд ямар сайхан ингэ болох бол” гэж бодоход зарим нь “Энэ ботго насанд хүрээд хэдэн төгрөгийн үнэ хүрэх бол” гэж ярихыг хараад сэтгэл эмзэглэхгүй байхын арга алга.
Хүнсний ногоо тарьдаг хүмүүсийн яриаг телевизэар харлаа. Сайхан уянгалаг хөгжим,сайхан дуу, эвсэг яриа хөөрөө, дулаан уур амьсгал үргэлжлэх бүрт ногоо хачин сайхан ургадаг гэнэ. Тэгвэл малыг хэвтрээс нь эхлээд зөөлхөн босгох, аядуу зөөлхөн эргүүлэх,орилж хашгирахгүй, машин мотоциклиор туухгүй бэлчээр усанд нь хүргэж байвал мал өсөөд л, таргалаад л байдаг юм даа.
-Хүүхэд залуусыг малд дуртай болгох, нүүдлийн соёл иргэншлээ хэвээр нь авч үлдэхийн тулд юуг хамгийн түрүүнд хийх ёстой вэ?
- Мал аж ахуйгаа уламжлалт аргаар нь маллах, өв соёлоо дээдлэх тал дээр улсаас бодлогын шинжтэй арга хэмжээ авах хэрэгтэй.
Тэмээ, мориор малаа маллаж байгаа малчдыг олон нийтэд алдаршуулах, гадаадын улс орноор аялуулах, урамшуулах ажлыг хийвэл сайн. Бусад аймгийн малчид хооронд туршлага солилцох уулзалтыг зохион байгуулах, өв соёлын тухай хичээлийг сургуулийн сурагчдад зааж сургавал дээр. Малчдын үнэ цэнийг өндөрт өргөх хэрэгтэй.
Х.Эрдэнэбулган