Хотын дарга 100 хоногийн ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-19 14:40:28

Энэ оны хоёрдугаар сарын 17-нд  Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр 100 хоногийн ажлаа хотын иргэддээ тайлагнав.

Хотын дарга  Сайншанд сумын ИТХ-аар ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэлээ батлуулж,  2017 оныг “Иргэдээ дэмжих  жил” болгон зарласан гээд хотын хөгжил дэвшилд луужин болох бодлогын  баримт бичгүүдээ гараас гаргажээ.

Мөн харьяа төсөвт байгууллагууд цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг, багийн ажлын алба, Хот тохижуулах алба зэрэг байгууллагын ажил байдалтай танилцаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, ажлын  хариуцлагыг чанд мөрдөх талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Дээрээс нь баг хорооны иргэдийн санал хүсэлтийг ч хангалттай сонсоод амжжээ. Малчдынхаа санаа бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, малчдын талаар төрөөс баримталж  буй бодлого, үйлчилгээ, тогтоол, шийдвэрүүдийг танилцуулах зорилгоор “Малчид бид хамдтаа” малчдын нэгдсэн өдөрлөгийг хоёрдугаар сарын 17-нд зохион байгуулсан аж.

Сүүлийн жилүүдэд Сайншанд суманд малын бэлчээр хомсдсон, худаг ус ховор, мал маллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүй зэргээс шалтгаалан мал маллах иргэдийн тоо цөөрч, ялангуяа залуу малчдын тоо цөөрч төв суурин газар бараадаж, амьдрах сонирхол нэмэгдсээр байгаа гэнэ.

Тиймээс сумын ЗДТГ-аас төрийн бодлого зорилгод нийцүүлэн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг ханган, хөдөө аж ахуй салбарыг зах зээлийн чиг хандлагад тохируулан хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж, мал аж ахуй салбарыг эрсдэлгүй хөгжүүлэх бодлого баримталж ажиллах зорилт тавьж ажиллаж байгаа аж.

Сум хөгжүүлэх сангийн  зээлийг танил тохой татаж чанаргүй  олгодог байсныг цэгцэлж хугацаа хэтэрсэн зээлийг эргэн төлүүлэх, эргэн төлөгдөх боломжтой, тухайн төсөлд үр өгөөжөө өгөх, хэрэгжих үндэслэлтэй төсөл арга хэмжээг шалгаруулж зээлд хамруулах бодлого иргэдийн талархлыг хүлээж байна.

Сайншанд хотын төвийн гудамж талбай,үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах, хаягийн тэмдгийг хийлгүүлэх, хаягжуулалттай холбоотой төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж, суманд дур мэдэн зохих зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын зөрчил, дутагдлаа арилгаж, газар чөлөөлөх талаар шаардлага тавьж, хууль зөрчсөн нэр бүхий хүмүүсийн газрыг чөлөөлүүлжээ.

Энэ нь хот төлөвлөлтийг цаашид ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх, хотын нүүр царайг сайжруулахад томоохон алхам болсон гэж иргэд санал хүсэлтдээ дурджээ.

Сайншанд хотын төвийн хуучин цэцэрлэгт хүрээлэнг өөрчилж  шинэчлэх, ашиглахгүй байгаа зай талбайг төлөвлөж Соёл амралтын хүрээлэн барьж тохижуулах, аймгийн төв гудамж дагасан  байшин барилгын эзэдтэй уулзаж байшингийн өнгө үзэмжид анхаарах,  орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн барилга барих санал гаргаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар санаачилга гарган ажиллаж буй.

Ийнхүү  Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр 100 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнасан бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаа танилцуулж, уулзалтад ирсэн иргэдийн санал бодлыг сонсож,  тадний асуултад дэлгэрэнгүй хариуллаа.

Уулзалтын төгсгөлд ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн алба хаагчид "Сумын тэргүүний ажилтан" "Сумын тэргүүний хамт олон" шагналаар шагнуулснас гадна аймгийн Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын холбооноос зорилтот бүлгийн 40 айл өрхөд "G saver" буюу дулаан баригчийг бэлэглэснийг гардуулав.

Х.Эрдэнэбулган

相关新闻